x

Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гурилын үнийг буулгана. Хэдэн гурилын үйлдвэрүүд үгсэж байна гэж ярьсан, дараа нь УИХ импортын татварыг тэглэсэн. Үр дүнд нь гурилын үнэ буураагүй гэж эдийн засагчдын дүгнэж буйтай та санал нийлж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ гол хэрэгцээ болсон гурилын үнийг харьцангуй тогтвортой байлгах зорилгоор аж ахуйн нэгжүүдийг дэмжиж нийт 600 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл төрөөс олгосон. Эргээд валютын ханш, үйлдвэрлэл ч юмуу цаг үеийн нөхцөл байдал, өртөг өөрчлөгдсөн гээд олон шалтгаантай холбоотойгоор гурилын үнэ төдийлөн тогтвортой байж чадаагүй. Үнэ нь өссөн.

Гэтэл төр “Бид өнгөрсөн хугацаанд ийм их зээл олгосон байтал яагаад гурилын үнээ эргээд өсгөчихөж байгаа юм бэ” гэдэг асуултыг хувийн секторт тавьчихаж байгаа юм. Хувийн сектор “Бид ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор үнээ тогтоогоод, эрэлт нийлүүлэлтээр нь оролцоод явдаг” гэж хариулж байна. Өөрөөр хэлбэл, төр хөнгөлөлттэй зээлээр үнийг тогтвортой байлгах зорилгоор дэмжсэн гэж бодсон ч аж ахуйн нэгжүүд нь тэгээгүй. Энд ойлголцлын зөрүү гэх үү, агуулгын зөрүү төр, хувийн хэвшил, ард түмний дунд үүсч байна. Ард иргэд гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна гэж ярьж байна. Мэдээж энэ нь төрд дарамт үүсгэж байна. Уг зарчим нь агуулгын зөрүү үүссэнтэй холбоотой.

-Тэгэхээр яг яах ёстой байсан бэ?

-Төр өөрөө нээлттэй хувьцаат компани буюу хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийг дэмжих ёстой байсан. Тэр нээлттэй компанийг иргэд эзэмшиж байгаа шүү дээ. А гэдэг үйлдвэрээр жишээ авъя. А үйлдвэр олон нийтэд нээлттэй болоод, нийтдээ 50 мянган хувьцаа эзэмшигчтэй байна. Гэр бүлийн эзэмшлийнх биш. Олон нийтэд нээлттэй, тодорхой хувиа зах зээлд гаргасан бизнес байлаа гэж бодъё. Тухайн бизнесийг нь төр хөнгөлөлттэй зээлээр дэмжээд явлаа гэхэд бизнес нь сайжирвал эргээд ард иргэдэд гурилын үнээс гадна компанийн үйл ажиллагаа, ашиг, орлого сайжирч, иргэдийн амьжиргаанд давхар нөлөөлж эхэлнэ. Тэгэхээр төр нэг зүйлээр хоёр үр дүн авч чадаж байна. Нэгдүгээрт, хөнгөлөлттэй зээл олгосон. Хоёрдугаарт, нээлттэй компанид олгосноороо тэр компанийн өрсөлдөх чадварыг сайжруулаад, борлуулалт ашгийг нь нэмэгдүүлээд, тэр нь эргээд ногдол ашиг хуваарилах ч юм уу, хувьцааны үнийн өсөлтөөр иргэдийн оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа юм. Иймэрхүү санаагаар хожчихож байна.

Миний хэлэх гээд байгаа гол санаа бол гурил ч гэлтгүй манайхан дотоодын хөнгөлөлттэй зээлүүд дээр янз бүрийн аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо аль болох олон нийтэд хувьцаагаа арилжаалсан компаниудыг сонговол ононо. Санхүүгийн хувьд ил тод байдалтай ийм газруудад хөрөнгө оруулалтууд хийж байж үр нөлөөг нь иргэд хувьцааны үнэ цэнэ зэрэг байдлаар эргээд давхар хүртэнэ. Тэгэхгүйгээр сая хувийн хаалттай компанид өгчихсөн. Нөгөө хэд нь мэдээж бизнесээ л бодно шүү дээ. Тэгээд төр нь хэрвээ та хэд ингэж байгаа бол бид одоо импортын сонголтыг оруулж өгье гээд ийм нэг сонин, хувийн хэвшил, төр хоёрын хооронд үл ойлголцлын асуудал үүсгэчихэв үү дээ гэж би бодож байна.

-Хэрхэн зохицуулах нь зүйтэй вэ?

-Төр хувийн хэвшлээ дэмжих ёстой гэсэн үндсэн концепц дотроо төр хувийн хэвшлийн нээлттэй компанийг дэмжих ёстой гэсэн агуулга гарч ирээд байгаа юм. Яагаад вэ гэвэл энэ чинь Америкаас эхлэлтэй. Portune 500 гэдэг компанийн бараг 495 нь нээлттэй байдаг. Төр нээлттэй хувьцаат компанийг дэмжих ёстой гэдэг агуулга дээр л үндэслэж гарч ирсэн зүйл шүү дээ. Америкийн засгийн газар “Apple”-ийг хөнгөлөлттэй зээлээр дэмжлээ гээд няслаад, тэр компаниудын борлуулалт нэмэгдээд, дэлхийн зах зээл дээр борлуулалт хийгээд явлаа гэхэд Америкийн ард иргэдийн хувьцааны үнэ цэнэ өсч байгаа биз дээ. Тэгэхээр ийм логикоор төрийн дэмжлэг явах ёстой.

-Төр, хувийн хэвшил ойлголцохгүй бол юунд хүргэх вэ?

-Гурилын сектор дээр маш том үл ойлголцол бий болчихов уу гэж хувьдаа бодож байна. Эдийн засгийн суурь онолоороо Засгийн газрын хэрэглээ тэлээд ирэх нь эргээд хувийн хөрөнгө оруулалтыг шахаж гаргадаг. Ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүний боломжит өсөлт буюу жил болгон баялаг бүтээх боломж харьцангуй багасдаг. Тэрний дагуу л үйл явдлууд болоод байна уу даа гэж бодож байна. Аливаа болохгүй, бүтэхгүй байгаа бүхэн рүү төр орно, өөрөө хийнэ. Төр өөрийнхөө мөнгийг оруулна гээд. Олон улсын туршлагаар төр ашгаа хамгийн их байлгаж, үр ашигтай түвшинд хүрэх бүтээгдэхүүнийг гаргаж ирж ажиллах институци биш байхгүй юу. Тэр “сүнс” нь компани гэдэг институци буюу бүтээмжийн том хөдөлгүүр байна шүү дээ. Угаасаа ажиллах зарчим нь бүтээгдэхүүн гаргаад, ашиг олоод явдаг тэр “сүнс” бол төр гэсэн менежерт байхгүй. Иргэд, аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих, мөн хэрэглэгчдэд нөлөөлөх байдлаар нь зохицуулалт хийх оролцоотой төрийн оролцоо бол шөнийн манаачийн үүрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Энэ нь гар, бие оролцоотой гэсэн санаа ер биш юм. Манайх яг түүний эсрэг яваад байна уу даа гэж бодож байна. Би энэ дээр цэвэр чөлөөт зах зээл яриагүй. Ядаж хувийн сектортоо бизнес хийх боломж олгож, татвар, бизнесийн орчин, хууль эрх зүй, эдийн засгийн орчнуудыг бүрдүүлээд өгчихвөл хүссэн хүсээгүй бизнесүүд ажиллаад, татварын орлого нь нэмэгдэж, төр өөрөө мөнгөтэй болох механизмыг бид өөрсдөө ойлгох хэрэгтэй байхгүй юу. Түүнээс төр өөрөө ашиг хийгээд, бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явдаг байдлаар тооцвол ерөөсөө биш.

-Өнөөдрийн байдлаар 11 үйлдвэрийн долоо нь дампуурсан үзүүлэлттэй байгаа талаар салбарынхан мэдээлсэн. Төр бодлогоор дэмжих биш унагаж, дотоодын жижиг дунд үйлдвэрлэгчдээ үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэж байна. Та юу хэлэх вэ?

-Үйлдвэрүүд дампуурсан тухай тоо статистик зөв эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж гадны зах зээлийн хямд өртөгтэй гурилтай өрсөлдөж байгаа учраас өрсөлдөх чадварын хувьд давуу тал байна уу, үгүй юу, байхгүй бол зах зээлийн зарчмаараа дампуурна гэдэг нөхцөл байдалтай болж хувирч байна. УИХ-аас гаргасан бодлогын үр дагавар ийм байдлаар үйлчилж байна гэсэн үг. Энд хэлэх зүйл юу байна вэ гэхээр, Монгол Улс хөгжлийнхөө хувьд ямар стратеги барьж байгаа юм бэ. Аль салбараа түлхүү хөгжүүлэх чиглэл барьж байна вэ. Аль салбараа дотоодын бодлогоор тасралтгүй дэмжиж, аль салбараа гадны өрсөлдөөнөөс хамгаалах замаар явах вэ, энэ нь үндэсний аюулгүй байдалд хэр хор хөнөөл учруулах вэ. Дээрээс нь суурь инфляци, иргэдийн амьжиргаанд яаж нөлөөлөх вэ гээд Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого, тэдгээртэй уялдаад богино хугацааны төсөв мөнгөний бодлоготойгоо уялдаад гарч байх ёстой шийдвэрүүд л дээ. Монгол Улс үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтөд хүрнэ. Энэ салбарт ийм ийм салбарууд орно гэж томьёолсон бол мэдээж дотоодын үйлдвэрүүдээ дэмжих, гадны бүтээгдэхүүнийг татвараар хаах зэрэг бодлогууд баримтална шүү дээ.

-Тэр бодлого манайд тодорхой байдаг уу?

-Маш эргэлзээтэй. Олон жил уул уурхайн салбар суурьтай эдийн засгаа солонгоруулна гэж ярьж байна. Гэсэн ч яг солонгорох тэр солонгын өнгүүдэд нь хөдөө аж ахуйн салбар орж байгаа юм уу, IT-гийн салбар орж байгаа юм уу, аялал жуулчлал нь орсон уу гэхээр орчихсон ч юм шиг. Одоо явуулж буй бодлогуудыг нь харахаар ороогүй ч юм шиг. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаад байгаа болохоор дахиад л нөгөө үндсэн суурь асуудлаа яримаар байгаа юм. Бид үндсэн сууриараа аль алийг юу гэж тодорхойлсноосоо эхлээд хариултаа авах ёстой. Тэгэхгүйгээр одоо гарч буй янз бүрийн үр дагавар дээр үндэслээд хариултаа авбал богино хугацааны хохирогчид маш их болоод байна гэдгийг л хэлмээр байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 27 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 31 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 33 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 34 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 34 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 36 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 37 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 38 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 39 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 40 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 44 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 45 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 46 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 47 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 49 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 17 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 31 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 36 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 41 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 53 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top