АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны улмаас бий болсон нэмэлт татварыг “Amazon” компани цахим дэлгүүрийнхээ хуудсанд нийтэлж, хэрэглэгчдэд ил тод болгохоор төлөвлөсөн тухай мэдээлэл анхаарал татаж байна. Гэвч энэхүү санаачилга нь Цагаан ордны бухимдлыг төрүүлээд байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт “Ийм алхам бол улс төрийн зорилготой, дайсагнасан үйлдэл” хэмээн мэдэгдэж, “Amazon”-ын үүсгэн байгуулагч Жефф Безосыг Хятадын эрх баригчидтай хамтран ажиллаж байна гэж буруутгажээ. Уг мэдэгдэл нь “Punchbowl News” сайтад гарсан нийтлэлд хариу болгон хийгдсэн байна.
Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр “Amazon” компани тодорхой бараа бүтээгдэхүүнд нэмэлт тарифаар ногдуулсан татварын мэдээллийг хэрэглэгчдэд харуулах төлөвлөгөөтэй байсан боловч энэ нь компанийн албан ёсны байр суурь биш гэдгийг корпорацын төлөөлөгч Тим Дойл онцолжээ. Тэрбээр “тийм шийдвэр батлагдаагүй, цаашид ч батлагдахгүй” гэж мэдэгдсэн хэдий ч тус асуудлыг компанийн дотоод хэлэлцүүлэгт авч үзэж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Технологийн салбарын томоохон бизнес эрхлэгчдийн улс төрийн оролцооны талаархи маргаан үүгээр зогсохгүй үргэлжилж байгаа бөгөөд Ж.Безос нэгдүгээр сард болсон Трампын тангараг өргөх ёслолд оролцсон ч түүнээс хойш Цагаан ордон болон технологийн корпорациудын харилцаа мэдэгдэхүйц муудсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Марк Цукербергийн “Meta” компанид холбогдох монополийн эсрэг шалгалт үргэлжилж байгаа тухай AFP агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: DW, Punchbowl News, AFP