Украин, Их Британи, Франц, Герман улсын төлөөлөгчид Лондонд уулзаж, Украины дайнтай холбоотой асуудлаар зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак мэдээллээ.
Уулзалтад Украины талаас:
-
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак
-
Гадаад хэргийн сайд Андрей Сибига
-
Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар оролцжээ.
Харин барууны орнуудаас:
-
Их Британийн Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонатан Пауэлл
-
Францын Ерөнхийлөгчийн дипломат бодлогын зөвлөх Эммануэл Бонн
-
Германы Канцлерын гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөх Йенс Плотнер нар оролцсон байна.
А.Ермакийн хэлснээр, “Энх тайвныг тогтоохын тулд бид зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулах талаар тохиролцсон. Мөн Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүчин чармайлтыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэсэн” гэж тэр Telegram хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Хэдий тийм боловч, анх төлөвлөж байсан Гадаад хэргийн сайд нарын түвшний хэлэлцээг албан ёсны төлөөлөгчдийн түвшинд бууруулсан тухай Их Британийн засгийн газраас өмнө нь мэдэгдсэн билээ.
The Daily Telegraph сонинд мэдээлснээр, АНУ энэ уулзалтын үеэр Украины хямралыг зохицуулах долоон заалт бүхий төлөвлөгөө танилцуулах байсан. Үүнд Крымийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх заалт багтсан байсан ч Ерөнхийлөгч В.Зеленский уг хувилбарыг няцаасан байна. Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио айлчлалаа цуцалжээ.
АНУ-ын талаас уулзалтад Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог оролцсон талаар The New York Times мэдээлжээ.
Эх сурвалж: TASS, The Daily Telegraph, The New York Times
Сэтгэгдэл (1)