АНУ-ын хорт хавдрын талаарх хамгийн сүүлийн тайланд 2001-2022 оны хооронд хавдрын шалтгаант нас баралтын түвшин тогтмол буурч ирсэн нь бүртгэгджээ. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээний ахиц, эрсдэлт зан үйлийн бууралтаас шалтгаалж байгааг судлаачид онцолж байна. Тухайлбал, тамхи татах хувь буурсан нь уушги, мөгөөрсөн хоолой зэрэг хавдрын тохиолдлыг мэдэгдэхүйц бууруулжээ.
Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн хорт хавдрын нийт өвчлөл 2003-2021 онд жилд дунджаар 0.3 хувиар өссөн байна. Ялангуяа хөхний, умайн хүзүүний, элэгний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буй бол өсвөр насны хүүхэд, залуусын дунд бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдар нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна.
2020 онд Ковид-19 цар тахлаас шалтгаалан оношлогоо, эмчилгээний үйлчилгээ саатаж, хавдрын оношилгоо буурсан боловч хүлээгдэж байсан түвшинд эргэн хүрсэн байна. Харин энэ үед оношлогдох боломжгүй өнгөрсөн хавдрын улмаас хожуу шатны тохиолдлууд дараагийн жилүүдэд нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ.
Тайланд эмэгтэйчүүд дундах ходоодны хавдрын өсөлтийг ДЭМБ-ын шинэ ангилалтай холбон тайлбарласан бол хөхний хорт хавдрын өсөлт таргалалт, архины хэрэглээ, төрөх насны өөрчлөлттэй холбоотой байж болзошгүйг дурджээ.
Арьсны өнгөний ялгаа ч мөн тайланд дурдагдсан бөгөөд өнгөт арьст эмэгтэйчүүдийн хөх болон умайн хүзүүний хавдраар нас барах эрсдэл нь цагаан арьстнуудаас мэдэгдэхүйц өндөр байгааг судлаачид эмчилгээ, оношилгооны хүртээмжийн ялгаатай байдалтай холбон тайлбарласан байна.
Судлаачид эрүүл амьдралын хэв маяг, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал болохыг дахин сануулжээ.
Эх сурвалж: CNN