Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун ОХУ-ын Кремлийн музейн ерөнхий захирал Е.Ю.Гагаринатай уулзаж, хаадын бэлгэ сэлт болон хоёр улсын түүхэн харилцааны талаарх хамтарсан судалгаа хийх талаар тохиролцжээ. Уулзалтын үеэр талууд шилдэг үзмэрүүдийн каталог, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ харилцан солилцсон байна.
Түүхэн эх сурвалжид тэмдэглэснээр, Оросын Михайл Федорович хаанаас их Петрийн үед хүртэл оросууд Монгол нутгаар дамжин Дорнод Азитай 44 удаа дипломат харилцаа тогтоож, элч төлөөлөгч илгээж байсан бол монголын талаас ч мөн төдий тооны элчийг илгээж байжээ.
Москвагийн Кремлийн музей нь 1804 онд Оросын хаан I Александр зарлиг гарган “Оружейная палата” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр 10 гаруй музейн нэгдлийг багтаасан, дэлхийн хамгийн олон үзэгчтэй музейн нэг юм. Тус музей 2019 онд 3.2 сая үзэгч хүлээн авч, 160 мянга гаруй үзмэр хадгалдаг. Үе үеийн эзэн хаадын титэм, илд сэлэм, сүйх тэрэг, морины тоног хэрэгсэл зэрэг онцгой дурсгалт зүйлсийг дэлгэн харуулдаг.
Кремлийн музейн захирал Елена Гагарина нь анхны сансрын нисгэгч Юрий Гагарины том охин бөгөөд урлаг судлаач мэргэжилтэй, 2001 оноос хойш тус албыг хашиж байна.