Туул голын нийт урт 882.8 км бөгөөд үүнээс 115 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг дайран урсдаг. Энэ хэсэг нь хүн амын төвлөрөл, үйлдвэрийн бүсийн байршлаас шалтгаалан хамгийн их бохирдолтой хэсэг болж хувирчээ. Манай улсын нийт 3.5 сая гаруй хүн амын 2.5 сая нь энэ голоос ундны болон ахуйн хэрэгцээний усаа хангаж байгаа тул Туул голын бохирдлыг бууруулах, хамгаалахад онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг салбарынхан сануулж байна.
Нийслэл хот өдөрт Туул голын гүнээс 170 мянган шоо метр усыг ашиглаж байгаа бөгөөд нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгжүүд усны хэрэгцээгээ зөвхөн энэ голоос хангаж байна. Гэвч арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, хүнсний боловсруулах үйлдвэрүүд болон ахуйн бохир ус, нүхэн жорлонгийн шингэн хаягдал шууд болон цэвэршүүлэлт хангалтгүй хэлбэрээр Туул гол руу нийлсээр байгаа юм.
Төв цэвэрлэх байгууламж хоногт 150–160 мянган шоо метр бохир усыг Туул гол руу нийлүүлдэг ч зарим үед хэт ачааллаас болж шүүлтүүргүй бохир шууд урсаж буйг оршин суугчид онцолж байна. Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хорооны иргэд “шөнө орой болохлоор өмхий үнэртдэг, орчны агаарын чанар хүндэрсэн, байж суухад хүндрэлтэй болдог” хэмээн ярьжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Туул голын уснаас халдварт өвчин үүсгэгч олон төрлийн нян, тэр дундаа халуунд тэсвэртэй гэдэсний үрэвсэл үүсгэдэг нян илэрч байгаа нь нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд шууд заналхийлж эхэлснийг харуулж байна. Усны мэргэжлийн шинжлэх ухаанд гол 130 км урсахдаа байгалийн аясаар өөрийгөө цэвэршүүлдэг гэж үздэг ч Туул гол энэ үүргээ биелүүлж чадахаа больсон, өөрөө өөрийгөө цэвэрлэх чадваргүй болсон гэж дүгнэж байна.
1960-аад оны үед Туул гол секундэд 1000 литр ус урсгах чадвартай байсан бол өнөөдөр 400 литр болж, гадаргын усны хэмжээ 60 хувиар буурсан байна. Энэ нь зөвхөн голын урсацыг багасгаад зогсохгүй, гүний усыг нөхөн сэлбэх байгалийн үйл явцыг ч алдагдуулж байна. Түүнчлэн голын ёроолд 42 см хүртэл зузаан лаг хагшаас үүсч, гүний усыг бохирдуулах эрсдэл бий болсныг Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хийсэн судалгаа нотолжээ.
Бохирдлыг бууруулахын тулд:
-
Хог хаягдлыг багасгавал бохирдол 20–30%-аар,
-
Нүхэн жорлонгийн тоог 600 гаруйгаар бууруулавал бохирдол 2–3 дахин буурах боломжтой гэж үзэж байна.
Туул голын урсгалын дагуух нийт орчим хувь нь бохирдсон гэж үздэг. Шинээр барьж буй төв цэвэрлэх байгууламжийг энэ оны сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд тус байгууламж нь химийн бодис шүүх хүчин чадалтай байх ёстой. Мөн хамгийн түрүүнд лаг хагшаасыг цэвэрлэх шаардлагатай. Үүнийг шийдэхгүйгээр Туул голын бохирдол буурахгүй гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.
Эх сурвалж: Усны шинжээчдийн тайлан, орон нутгийн иргэдийн мэдээлэл, Мянганы сорилтын сан