Америкийн Нэгдсэн Улсын “Юнайтэд Эйрлайнс” ХХК 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор байгуулжээ.
Уг гэрээ нь олон улсын иргэний нисэхийн эрх зүйн хэм хэмжээ, аюулгүй байдлын үндсэн шаардлагыг хангаснаас гадна Америкийн Нэгдсэн Улсын агаарын тээврийн тусгай стандартад нийцсэн, нэмэлт үйлчилгээнүүдийг багтааснаараа онцлогтой гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлсэн байна.
Шинэ нислэгийн шугам нээгдсэнээр Монгол Улсаас АНУ руу аялах зорчигчдын сонголт нэмэгдэж, хоёр орны хоорондын агаарын тээврийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг салбарынхан онцолж байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам