Жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэгддэг “Дэлхийн дархлаажуулалтын долоон хоног” энэ жил “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус долоо хоногийг 2021 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн бөгөөд дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дархлаажуулалт хариуцсан зөвлөх Д.Нарангэрэл “Дэлхий нийтэд дархлаажуулалтын түүх 70 гаруй жилийн өмнөөс эхэлсэн. Энэ хугацаанд хүүхдийн амь насыг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон ахиц гарсан” хэмээн онцоллоо.
Тэрбээр мөн “Одоогоор дэлхийн 105 оронд НҮБ-ын Хүүхдийн сан ДЭМБ-ын зөвшөөрөлтэй, аюулгүй, үр дүнтэй вакциныг ханган нийлүүлж байна. Үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл вакциныг тээвэрлэх, хадгалах, хүргэх үйл явц бүхэлдээ хүйтэн хэлхээний стандартыг бүрэн хангаж, олон улсын шаардлагаар зохицуулагддаг. Монгол Улсад хэрэглэгдэж буй бүх вакцин дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж буй вакцинтай ижил стандарттай бөгөөд АНУ, Англи, Энэтхэг зэрэг орнуудын үйлдвэрлэгчээс нийлүүлэгддэг” гэж мэдээлэв.
Түүнчлэн, дархлаажуулалт гэдэг нь зөвхөн вакцин хийлгэх бус, түүнд тавих хяналт, хадгалалт, түгээлтийн бүхэл бүтэн цогц процесс болохыг тэрбээр тодотголоо. Жишээлбэл, Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүд авч байгаа бол Монгол Улсад ч мөн адилхан үйлдвэрээс нийлүүлж, хэрэглэж байгаа гэв.
Дархлаажуулалтын дараа бага зэргийн халуурах, улайх, уйлах зэрэг хариу урвал илрэх нь хэвийн үзэгдэл бөгөөд эдгээр нь 1-2 хоногийн дараа аяндаа арилдаг байна. Харин товлолт вакцинд хамрагдсанаар бага насны хүүхдүүдийг олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлж, амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг чухал ач холбогдолтой.
Иймд НҮБ-ын Хүүхдийн сан болон эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдээ товлолт дархлаажуулалтад бүрэн хамруулахыг уриалж байна.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам.