"М.Чимэддорж: УИХ-д яаралтай горимоор асуудал оруулж ирдгийг хязгаарлах хэрэгтэй"
УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддоржтой ярилцлаа.
-Ойрын үед УИХ-аар эдийн засаг, аюулгүй байдлын үр дагавартай томоохон асуудлууд яаралтай горимоор хэлэлцэгдэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөхийн хувиар биш, судлаачийнхаа хувьд эдгээр асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Юуны өмнө Засгийн газраас УИХ-д яаралтай горимоор асуудал оруулж ирдэг явдлыг хязгаарлахгүй бол УИХ-ын гишүүд урьдчилан судлах боломжгүй, мэдээлэл дутуу шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна. Тийм ч учраас УИХ өөрөө Засгийн газрын саналыг албажуулдаг Тамгын газар шиг нь болчихлоо гэх шүүмжлэл гарч байна. Асуудлыг бүхэлд нь харвал УИХ-ын гишүүд мэдээлэл дутуугаас буруу шийдвэр гаргавал ийм хууль, тогтоолын төсөл өргөн барьсан Засгийн газартай хариуцлага ярих аргагүй болно. Тийм ч учраас Засгийн газар зарим асуудлаар хариуцлагаас зугтаж УИХ-аар шийдүүлэх, түүнийгээ яаралтай горимоор хэлэлцүүлсэн болоод батлуулах сонирхолтой болчихоод байна.
-Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх 20 жилийн хугацаатай эрхийг “Роснефть”-тэй хамтарсан ЗГ: Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэр бүрдүүлж, вексель гаргана компанид өгөх асуудал орж ирлээ. Онгоцны түлш нийлүүлэх нэрийн дор оросууд манай агаарын гарц, нефтийн үйлдвэрийг авахаар санаархаж байна уу?
-Монгол Улс далайд гарцгүй цөөн орны нэг. Дээрээс нь дэд бүтцийн сул хөгжлөөс шалтгаалан манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сул байдаг. Харин зорчигч тээврийн хувьд бол манай агаарын гарц бол чухал ач холбогдолтой. Цаашид ч Ази-Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрөх цэг болж хөгжиж, зорчигч тээврээс гадна хөнгөн жинтэй, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүний тээвэрт оролцох боломжит байршилтай орон. Үүнээс гадна аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөхийг хүн бүр мэдэж байгаа. Харамсалтай нь Засгийн газар агаарын хөлгийн түлш нийлүүлэх монополь эрхтэй компанийг өнөөдрийн хамгийн том нийлүүлэгчтэй хамтран байгуулж, зөвхөн нэг маркийн түлшийг хорин жилийн хугацаанд нийлүүлэх, Монгол Улсын эрх зүйн орчин, өмнө байгуулсан олон улсын хэлэлцээрээс давуу эрх зүйн чадамжтай, маргаан гарвал ОХУ-ын арбитраар шийдүүлэх гэрээ оруулж ирж байна. Товчхондоо энэ тохиролцоог хорин жилийн хугацаанд өөрчлөх ямар ч боломжгүй гэрээ гэсэн үг.
Энэ бол Монголын эрх ашиг биш. Хорин жилийн хугацаанд технологи, зах зээл өөрчлөгдөнө, Монгол Улсын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөнө, дэд бүтэц хөгжинө, тэр бүү хэл геополитик, олон улсын харилцаа ч өөрчлөгдөх хугацаа. Ойрхны зүйл хэлэхэд, Монгол Улс алсын нислэгүүдтэй болох гэж хичээж байна. Улс орнууд онгоцны тасалбарт хүлэмжийн хийн татвар ногдуулдаг болж байна. Гэтэл нийлүүлэхээр гэрээ байгуулж байгаа түлш нь олон улсын стандарт биш байна. Монгол Улс өөрөө газрын тосны үйлдвэрт асар их хөрөнгө зарж байгаагийн д ээр био түлшний үйлдвэрлэлийн нөөцтэй улс. Үүнээс гадна УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хэлэлцээрийн төсөл нь гадаад хэргийн яамны албан ёсны тамгатай орчуулга байна. Төрт ёсныхоо талаас авч үзвэл Засгийн газар УИХ-ыг ингэж үл хүндэлж болохгүй.
-Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр хийх асуудал мөн л хоёр талд гарлаа. Та уг асуудлаар олон нийтийн сүлжээнд сүрхий шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа харагдах юм. Нэг хэсэг нь энэ хэлэлцээрт нэгдэх нь эдийн засаг тэлж, хөгжих том боломж гэж хараад байгаа бололтой?
-Бид хоёр хөрштэйгөө худалдаагаа өргөжүүлэх ёстой. Хойд хөрш маань худалдаа, гаалийн асуудал дээр Евразийн эдийн засгийн холбооны дүрэм журмыг тавьдаг. Манай улсад өндөр татвартай, татвар бууруулах бол тус холбоонд элсэх асуудлыг хөнддөг, ятгадаг. Элсэхгүй бол тарифын хоригт орсон улс шиг л явж ирсэн. Худалдааны тэнцвэрээ харвал бидний хойд хөрштэй хийж буй худалдаа 24:1 харьцаатай. Зонхилох импорт нь түлш, газрын тосны бүтээгдэхүүн. Гэлээ гээд бид тус холбооны гишүүн болчихож болохгүй. Евразийн эдийн засгийн холбоо бол ОХУ зонхилон шийдвэр гаргадаг төдийгүй өнөөдөр ч гишүүн орнууд нь худалдааны алдагдал, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, гаалийн татварын орлогын шилжилт, хөрөнгө оруулалтын гээд олон асуудлаар хохирч байгаа гомдол санал тасардаггүй байгууллага. Засгийн газрын гишүүдийн тайлбарлаж буйгаар тус холбоотой байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээр бол Монголын талаас тавьсан санал. Мэдээж экспорт нэмэгдэж, худалдааны тэнцэл сайжирч байвал хийх ёстой хэлэлцээр. Эдийн засаг, хөгжлийн яамныхны тооцооноос үзвэл тус хэлэлцээр байгуулагдсанаар худалдааны тэнцэл сайжрах биш, дордох юм байна. Манайх одоогийн авч байгаагаасаа нэмээд гурав дахин их бүтээгдэхүүн нэмж импортолдог болох юм байна. ДНБ-д хэрэглээ нэмэгдэж, татварын орлого буурах юм байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн эдийн засгийн загвар ашиглан гаргасан таамаглал нь хэлэлцээр хийх зорилгын эсрэг үр дүн гарч.
-Дэлхийн геополитик, олон улсын харилцаа ээдрээтэй байгаа өнөөгийн нөхцөлд улс орон маань санхүүгийн, технологийн, эдийн засгийн элдэв хориг тойроход ашигладаг талбар болчихгүй биз. Энэ нь манай улсын хөгжилд, бусад салбарт нөлөөлөхгүй гэх баталгаа бий юу?
-Үүнийг нягтлах шаардлага байна. Бараа бүтээгдэхүүн талаас нь харвал бас нэлээд асуудал байна. Орос, Украины дайнаас шалтгаалан Беларусь, ОХУ-д их хэмжээний улаан буудай хуримтлагдаад байгаа. Европын холбоо авахгүй, Хар тэнгис орчимд дайны байдлаас шалтгаалан тээвэр гацсан байдалтай байна. Товчхондоо их хэмжээний, зах зээлийн үнээс доогуур үнэтэй улаанбуудайн илүүдэл байна. Гэтэл бид Атрын дөрөв дэх аянаа өрнүүлээд, гурилаа дотоодоосоо 100 хувь нийлүүлнэ гэж лоозогноод, улсын төсвөөсөө олон зуун тэрбумыг үрээд яваа улс. Чөлөөт худалдааны хэлэлцээрт улаанбуудай, гурилын татварыг тэглэхгүй л гэж байгаа. Гэхдээ улаанбуудай, гурилан суурьтай бүх бүтээгдэхүүн хямдарна. Үүнд архи, гоймон, нарийн боов, печень гээд тоочоод байж болно. Дотоодын гурилын хэрэглээгээ харвал гэртээ гоймон, цуйван хийдэг гурил чинь дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж байгаагаасаа бага шүү дээ. Тэгэхээр цаашдаа дотоодын гурилын зах зээл дээр биш, гурил суурьтай бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадваргүй болно. Улмаар гурилын зах зээл хумигдаж, улаанбуудай тариалах газаргүй болно. Атрын аянууд өндөрлөнө. Гунигтай л юм даа.
Мах экспортлох том зах зээл нээгдэнэ л гэж бодоод байх шиг байна. Евразийн эдийн засгийн холбооны улс орнуудын 2023 оны хонины махны худалдааг харвал Орос, Казахстан, Киргизистан гурав нь хурганы мах экспортлогчид. Эдгээр орнууд Иран, Арабын Нэгдсэн Эмират улсууд руу хурганы мах экспортолж байна. Ер нь Оросын соёлд хонины махны хэрэглээ маш бага юм. Бид хурганы мах гаргаж чаддаггүй, чаддаг бол дээрх мах импортлогчид бүгд авъя л гэдэг. Манай бэлтгэж байгаа хонины мах 3-5 настай хонь байдаг. Үүнийг зарж чадна гэж би хувьдаа итгэхгүй байна. Ер нь татвартаа асуудал байна уу, бүтээгдэхүүний чанартаа асуудал байна уу гэдэгтээ дүгнэлт хийхгүйгээр энэ хэлэлцээрийг байгуулах г ээд яваа. Чанарын шаардлага хангаж байвал Иран, Арабын улсууд руу нэг кг хурганы махыг 4-6 ам.долларт онгоцоор зарсан ч болно. Чадахгүй байгаа учраас л Япон руу, Европын холбоо руу бүтээгдэхүүн зарж чадахгүй байгаа шүү дээ. Энэ асуудал дээр нэмж хэлэхэд, худалдааны боломж олдлоо ч бизнес эрхлэгчид гурван жилийн цонх харж хөрөнгө оруулалт хийхгүй. Бизнес бол урт хугацааны тогтвортой орчинд хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр түр хэлэлцээрийг боломж гэж үзэж хөрөнгө оруулна гэвэл хөнгөмсөг хүлээлт болно.
-Уул уурхайн биржийн хууль нийгмийн бас анхаарлыг татаж байгаа. Нүүрсээ биржээр худалдахаа болиулж оффтейк гэрээг дэмжсэн хуулийн төсөл оруулж ирлээ гэцгээх юм. Энэ ямар учиртай хууль юм бэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах болсон шийдвэр гаргах түвшний олон хүний эрх ашгийг хөндөж байх шиг байна. Бирж бол үнэ тогтоодог л газар. Бирж дээр тогтсон үнэ бол зах зээлийн үнэ. Бас нэг чухал зүйл нь бирж дээр үнэ хаялцаад авсан арилжааны завсраас авлига, цавчаа унжихгүй нь тодорхой. Нүүрсний үнэ буурч байна, худалдан авагч цөөрч байна, арилжааны хэмжээ буурч байна гэдэг бол бирж хэрэггүй гэсэн үг биш. Зах зээл тийм л байна гэсэн үг. Санхүүгийн хямрал боллоо Нью-Йоркийн биржийг татан буулгая гэдэггүй биз дээ. Гэтэл өнгөрсөн хугацаанд арилжсан нүүрс хилийн наана байна, биржийн үнэ болохгүй байна гэх мэт яриа явж байгаа нь үнэхээр утгагүй. Хамгийн ноцтой нь биржийн хуульд нүүрсээ бартераар зарчихъя гэдэг заалт оруулаад ирсэн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд нүүрсний хулгайн хэрүүл л боллоо, олон арван их наяд төгрөгийн хулгай гарлаа гээд шуугьсан. Шийдэгдсэн хэрэг ч алга. Энэ том хулгайн нэг хэсэг нь оффтейк гэрээнүүд. Олон тэрбум долларын оффтейк гэрээнүүд байгуулагдсан. Бүгдийг нь улсын нууцад авсан. Үүнийгээ төрийн болон албанын нууцын тухай хуулийг 2016 оны намар шинээр бичиж өөрчилж байгаад хийсэн. Эдгээр гэрээг шалгах ч, олон нийт үзэх ч боломж алга. Нууцаас гаргах эрх нь зөвхөн Л.Оюун-Эрдэнэд байгаа. Хулгайтай тэмцэж байгаа бол эхлээд эдгээр гэрээг нууцаас гаргаж, алдаагаа давтахгүй байхаас эхлэх ёстой. Гэтэл эсрэгээрээ бартерын гэрээ оруулж ирж байна. Бартер гэдэг бол уул уурхайн бүтээгдэхүүнээ мөнгөн дүнгээр илэрхийлэхгүй болно гэсэн үг. Бартер бол мөнгө үүсэхээс өмнөх арилжааны хэлбэр. Тухайлбал, нэг сая тонн нүүрс өгье, оронд нь зуун км төмөр зам авъя гэдэг гэрээ байгуулна гэсэн үг шүү дээ. Ийм гэрээнээс наанадаж татвараа яаж авах вэ. Бодоод үз дээ. Цаанадвал өмнө нь эзэнгүй тал руу олоогүй газрын тос татах гээд газрын тос дамжуулах хоолой олон зуун тэрбумаар, Тавантолгойд баяжуулах үйлдвэр, зөөх юмгүй төмөр зам барьчихсан оффтейк гэрээнүүд байна. Энэ бүхэн УИХ-аар ороогүй, төсөвт тусгагдаагүй, ашиглагдахгүй байна. Энэ бол улс орныг хорлож байгаа хэрэг шүү дээ.
Энэ бүхний цаана эдийн засгийн чадавхиасаа давчихсан, тооцоо судалгаагүй мега төслүүд гэгч л байна. Өшөө цааш нь яривал тодорхой улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол байна. Ер нь сүүлийн үед гадна дотны эдийн засгийн ашиг сонирхол бүхий бүлэглэлийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах хандлага илт ажиглагдах боллоо. Элдэв мега төслийн санхүүжилт ярьсан, нүүрсээр арилжчих юмсан гэсэн Хятадын компаниуд улстөрчдийг ээлжилж ээрсээр байгаа. Дүгнээд хэлэхэд, энэ бартерын хууль батлагдвал авлига гаарна, улс орон дааж давшгүй өрөнд орно. Ойрын арван жилдээ өндийхгүй болно. Дахиад асуухад, энэ хэний эрх ашиг юм бэ.
-Ингэхэд АН-ын гишүүд ямар хуулиуд дээр ажиллаж байна вэ?
-Засгийн газраас татварын багц хууль, ашигт малтмалын хууль, хүний эрхийн баталгааг дээшлүүлэхэд чиглэгдсэн багц хуулиуд өргөн мэдүүлэхээр хүлээгдэж байна. АН-аас сонгогдсон Б.Түвшин гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль, С.Цэнгүүн гишүүний оролцож боловсруулсан Дампуурлын тухай хуулиуд олон нийтийн хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Ардчилсан Намын бүлгээс чөлөөт зах зээлийг сэргээн тогтоох багц хуулийн төсөл боловсруулах шийдвэр гараад гишүүд хуулийн төсөл дээрээ ажиллаж байна. Мөн Х.Тэмжүүжин гишүүний санаачилгаар УИХ-ын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудын төсөл дээр ажиллаж байна. Цаашид УИХ-ыг мэтгэлцээний зарчимд тулгуурласан, хууль тогтоох эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж чаддаг, Засгийн газраа хянаж чаддаг болгохын төлөө чухал санаачилга гаргаад ажиллаж байна. О.Амгаланбаатар гишүүн орон нутагт эрх мэдэл шилжүүлэх, төрийн төвлөрсөн эрх мэдлийг сааруулах чиглэлээр хуулийн хэрэгжилтийн үр дагаврын болон хэрэгцээ шаардлагын судалгаа хийлгээд явж байна. Ардчилсан намын гишүүд дор бүрнээ завгүй ажиллаж байна.
-Энэ долоо хоногийн танай намын бүлгийн хуралдаанаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл Засгийн газрын оруулж ирсэн саналуудыг дэмжихгүй байгаа зөвлөхүүд ажлаа өг гэж шаардсан гэсэн мэдээлэл байна. Ийм зүйл болсон юм уу?
-Шууд алив ажлаа өг гэж шаардсан асуудал гараагүй. Мэдээж хэрэг Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа хүмүүст зарим шүүмжлэлийг хүлээж авахад хэцүү байдаг биз. Би бол улс төрийн ажил хийж яваа улстөрч хүн. Улс орныхоо хувь заяа, хөгжил дэвшилтэй холбоотой аливаа асуудалд ул суурьтай хандаж, уншиж судалж, дүгнэж байх нь миний сонгосон замналын ёс суртахууны үүрэг хариуцлага. Улс орныхоо эрх ашгийн үүднээс асуудалд хандаж, Ардчилсан намын үзэл баримтлалын хүрээнд дүгнэлт гаргаж, түүнийгээ АН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгөх нь миний ажлын үүрэг. Харин УИХ-ын гишүүдийн шийдвэр гаргах эрх мэдэлд халддаггүй байх нь зарчим, би зарчмаараа л ажлаа хийдэг. Олон нийтийн сүлжээнд миний ямар байр суурьтай байх нь ажлын хүрээнд хүлээсэн үүрэг хариуцлага биш. Харин миний улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгох нь зөв болов уу.
Өдрийн сонин