Монгол Улсын Их Хурал “Парламентын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх” зорилгоор 2022 оноос “D.parliament” цахим платформыг нэвтрүүлэн ажиллуулж байгаа бөгөөд энэхүү системээр дамжуулан иргэд өргөдөл, гомдол, санал санаачилгаа илэрхийлэх боломжтой болсон. Тус платформ нь хууль санаачлах, хуулийн төсөлд санал өгөх, улс төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийг идэвхтэй оролцуулах шинэ хэлбэрийг нээж өгч буй.
2025 оны дөрөвдүгээр сарын 18-нд иргэн С.Түвшинбилэг “Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох” тухай санал санаачилга дэвшүүлж, “D.parliament”-д нийтэлжээ. Энэхүү санаачилга нь 30 хоногийн хугацаанд дэмжигчдийн саналыг цуглуулж, тавдугаар сарын 18-ны дотор 100 мянган иргэн дэмжсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцэгдэх нөхцөлийг хангах юм.
Иргэн С.Түвшинбилэгийн үзэж буйгаар нийслэлчүүдийн амьдралд шууд нөлөөлдөг шийдвэрүүдийг гаргадаг Улаанбаатар хотын даргыг ард иргэд өөрсдөө сонгодог болсноор дараах ач холбогдолтой. Үүнд:
-
Ардчилал болон иргэдийн оролцоо нэмэгдэнэ
-
Ил тод байдал, хариуцлага сайжирна
-
Хотын хөгжлийн бодлого тогтвортой, хараат бус байна
-
Иргэд өөрийн амьдралд нөлөөлөх шийдвэрийг шууд сонголтоор хийх боломжтой болно
Санал санаачилгын хүрээнд Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд нийт 10 өргөдөл хүлээн авсны дөрөв нь Улаанбаатар хотын даргатай холбоотой байв. Эдгээр өргөдлөөс гурав нь иргэдийн сонгогчийн эрх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлтэй санал байсныг онцолж болно. Үүнд:
-
Хотын даргыг шууд сонгох тухай хуулийн төсөл санаачлах
-
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх
-
Ажлын хэсэг байгуулах санал
-
Шууд сонгуулийн хууль санаачлах санал оржээ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу “D.parliament”-д нийтлэгдсэн өргөдөл дараах гурван босгыг давах шаардлагатай:
-
33,000 иргэний дэмжлэг – ажлын хэсэг байгуулах
-
70,000 дэмжлэг – Байнгын хорооны түвшинд хяналт шалгалт хийх
-
100,000 дэмжлэг – УИХ-аар хэлэлцэх
Энэхүү платформ нь иргэдийн санал санаачлагыг хууль тогтоох үйл явцын шууд нэг хэсэг болгон оролцуулах боломж олгож, оролцооны ардчиллын нэг шинэ жишгийг тогтоож байгааг албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар