Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар улаанбурхан өвчний нөхцөл байдлыг танилцууллаа. Одоогоор лабораторийн шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 986 хүрсэн бол 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 52 хүн гэрээр эмчлүүлж, 695 хүн бүрэн эдгэрчээ. Мөн сэжигтэй 20 тохиолдол илэрсэн бол 11539 хүн халдвартай хавьтсан гэж бүртгэгдээд байна.
Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинжуулалтаар бүрэн сэргийлж болдог халдварт өвчин юм. Өнөөгийн байдлаар уг өвчний тохиолдол ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд голомтлон бүртгэгдэж буй тул сурагчид, багш нар болон тэдэнтэй ойр харьцдаг иргэд улаанбурханы эсрэг дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай байна.
Эрүүл мэндийн байгууллагууд халдварын тархалтыг хязгаарлах, өвчлөлийг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв.