Лондон хотноо өчигдөр болсон Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтын эхний тулаанд Францын “Пари Сен-Жермен” баг Английн “Арсенал”-ыг 1:0 харьцаагаар хожлоо. Тоглолтын дөрөв дэх минутанд Усман Дембеле гоол оруулж, ПСЖ-д ялалт авчирсан бөгөөд тэрээр энэ улиралд 27 тоглолтод оролцож, 26 дахь гоолоо бүртгүүлээд байна.
Хоёр багийн хариу тоглолт тавдугаар сарын 7-нд Парис хотод болох бөгөөд энэ тоглолтын дүнгээр хэн финалд шалгарах нь тодорхой болно. Хагас шигшээ шатны нөгөө хослолд Испанийн “Барселона” болон Италийн “Интер” багууд тоглох бөгөөд эхний тоглолт өнөөдөр Барселонад, харин хариу тоглолт тавдугаар сарын 6-нд Миланд болно.
Аваргуудын лигийн энэ улирлын аварга баг тавдугаар сарын 31-нд Мюнхен хотноо болох финалын тоглолтоор тодрох юм. Тэмцээний өнгөрсөн жилийн аварга Испанийн “Реал Мадрид” баг бөгөөд тэд финалд Германы “Боруссиа”-г 2:0-ээр хожин, нийт 15 дахь удаагаа Аваргуудын лигт түрүүлж, энэхүү тэмцээний түүхэн дэх хамгийн олон түрүүтэй баг болоод байна.
Харин ПСЖ болон “Арсенал” багуудын хувьд Аваргуудын лигийн аваргын цомыг урьд нь нэг ч удаа хүртэж байгаагүй юм.
Эх сурвалж: TASS