Энэтхэгийн эрх баригчид Шинэ Дели дэх Пакистаны Дээд комиссын батлан хамгаалах, хуурай замын, тэнгисийн болон агаарын цэргийн зөвлөхүүдийг “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж, долоо хоногийн дотор тус улсаас явахыг шаардлаа. Уг шийдвэр нь Жамму ба Кашмирт гарсан террорист халдлагаас хоёр хоногийн дараа гарсан бөгөөд халдлагын улмаас 26 хүн амиа алдсан юм.
Энэтхэг мөн Исламабад дахь өөрийн цэргийн зөвлөхүүдийг эргүүлэн татаж, цаашид ийм албан тушаалтан ажиллуулахгүй гэдгээ мэдэгджээ. Мөн Пакистаны бүх иргэн дөрөвдүгээр сарын 29-ний дотор визийн хугацаанаас үл хамааран Энэтхэгээс гарах ёстойг анхааруулсан байна.
Пакистаны иргэдийг СААРК-ын визээс чөлөөлөх журмаар Энэтхэгт зорчихыг хориглож, тус журмаар орсон иргэдийг 48 цагийн дотор албадан гаргана. Элчин сайдын яамдын ажилтнуудын тоог тавдугаар сарын 1-ний дотор 55-аас 30 болгон цомхотгохоор болжээ.
Түүнчлэн Энэтхэг, Пакистаны хооронд байгуулсан Инд мөрний ус ашиглалтын 1960 оны гэрээний хэрэгжилтийг Энэтхэг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Харин Пакистан энэ үйлдлийг “дайны ажиллагаа” гэж үзнэ хэмээн анхааруулсан байна.
Мөн Энэтхэгийн тал Пакистантай залгаа Атари боомтыг хаахаар шийдвэрлэсэн бол дөрөвдүгээр сарын 22-нд Кашмирт үйлдсэн халдлагын хариуцлагыг Пакистанаас дэмжлэг авдаг “The Resistance Front” бүлэглэл хүлээжээ.
Эх сурвалж: DW