Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг олон улсад сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-ыг зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц энэ үеэр “Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн суурийг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд анхаарч, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, олон улсын стандартад нийцүүлж байна. Үүний дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оныхтой харьцуулахад 11.8 хувиар нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгааг харууллаа. Цаашид хөрөнгийн зах зээлээ тэлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд гадны шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэх, олон улсын зохицуулагч байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарч байна” гэдгийг онцлов.
Монголын эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн хөгжил, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой тус форумд олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, бодлого боловсруулагч, хувийн хэвшлийн төлөөлөл оролцжээ.
СЗХ-ны дарга Т.Жамбаажамц Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ээс Вашингтон Д.С. хотноо зохион байгуулсан төр-хувийн хэвшлийн хамтарсан дугуй ширээний уулзалтад оролцож, хүртээмжтэй ногоон санхүүжилтийг бодит хөрөнгө оруулалт руу чиглүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй санхүүгийн системийг хөгжүүлэх талаар олон улсын туршлага, бодлогын санаачилга, зохицуулалтын арга замын талаар санал солилцлоо.
Мөн Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны хаврын ээлжит чуулга уулзалтад оролцсон юм. Энэ жилийн чуулга уулзалт “Ажил эрхлэлт-Цэцэглэлтэд хүрэх зам” уриан дор болж, хөгжиж буй орнуудын залууст зориулсан тогтвортой ажлын байрыг бий болгох талаар дэлхийн төв банкнуудын удирдлага, сангийн болон хөгжлийн сайд, хувийн хэвшлийн төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, өсөлтийн төлөв, санхүүгийн тогтвортой байдал, ядуурлыг багасгах зэрэг олон улсын анхаарлын төвд буй асуудлын талаар санал солилцов. Манай улс энэхүү үйл ажиллагаанд оролцсон нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд олон улсын сайн туршлага нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болсныг СЗХ мэдээллээ.