Сүүлийн үед Япон Улсад зорчиж буй монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр манай иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол олширч байгааг Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна.
Нөгөөтээгүүр тус улсад зорчиж байхдаа монгол иргэд түрийвчтэй мөнгө, эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдол нэмэгдсэн байна. Япон Улсын Эрүүгийн хуулийн 235 дугаар зүйлд зааснаар, дэлгүүрээс бараа хулгайлах, хэн нэгний түрийвчийг суйлах, орон байрны хулгай хийх зэрэгт 10 жил хүртэл хорих эсвэл 500 мянга хүртэлх иений торгууль төлдөг аж. Тус улс нь гудамж талбай, олон нийтийн газар дахь камерын хяналт өндөртэйгээс гадна энгийн хувцастай цагдаа нар ажилладаг. Түүнчлэн аж ахуйн нэгж, иргэд нь гэмт хэргийн үйлдэлд хөндлөнгийн хяналт тавьдаг.
Иймд иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй байх эсвэл хулгайд өртөхгүй байх үүднээс тус улсын хууль дүрмийг чандлан сахихыг ЭСЯ-наас анхааруулав.