Эмчийг сулла #FreeBatchuluunemch
Монголын нийгэм даяар П.Батчулуун эмчийн хувь заяаны асуудлыг хөндөн хүмүүс бичиж байна. Өнгөрсөн долоо хоногт давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатнаас өгсөн 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэнд гайхаж аргаа барсан хүмүүс өөрсдийн нүүр хуудаснаа бичиж байх шиг. Ингэхдээ энэ асуудлыг анх хөндсөн сэтгүүлчийг ч буруутгаж байгаа харагдана, нөгөө талдаа эмчийг өрөвдөж байгаа ч хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсанд дургүйцэж, нас барсан хүнд ч хамгаалагдах эрх бий гэж бичсэн нь мэр сэр харагдана. Энэ хэрэг манайд хөгжөөд удаагүй Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын салбарт томоохон өөрчлөлтийг авчирч, дутуу дулимаг хуулийг сайжруулан, энэ талаар ойлголт үгүй олон хүнд мэдлэг өгсөн том хэрэг болж байна.
Гэхдээ 40 жил эрүүл мэндийн салбарын төлөө, энэ эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хөгжлийн төлөө явж, олон зуун хүний амь насыг аварсан эмчийн амиар ойлгож мэдэх гээд байгаа нь харамсалтай.Хууль эрх зүйн орчин нь тодорхойгүй нөхцөлд эмч нараа гар нүцгэн хүний амь авруулахаар зүтгүүлдэг салбарын яам, Монголын төр эргээд төрийн шүүлтээр хүний амь амьдралыг хөсөр хаяж байгаа нь харамсалтай. Тэгвэл энэ хэргийн хүрээнд бид юуг мэдээд бас юуг орхигдуулаад байгаагаа хамтдаа анзаарч харахыг хичээе. Амьдралд нийцсэн нийцээгүй хууль тогтоомжууд хөрсөн дээрээ яаж буудгийн томоохон жишээ энэ хэрэг болж байна.
Амьгүй донороос амь хүлээх жагсаалтынхан
Олон улсад анх бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 1954 оноос хийж эхэлсэн бөгөөд амьд болон амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлдэг гэдгийг хүмүүс мэднэ. Харин монголчууд 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах багаа байгуулж, ар араас нь элэг шилжүүлэх, ясны чөмөг үүдэл эс шилжүүлэх баг гэж бага багаар нэмэгдэж байгуулагдсаар иржээ. 2021 оноос зүрх шилжүүлэн суулгах баг байгуулагдаж, нойр булчирхай шилжүүлэн суулгах багийнхан одоо ид номын дуу сонсоод суралцаад явж байгаа гэсэн. Гэхдээ баг байгуулагдсанаар мэс засал хийчихдэг гэсэн үг биш, арав гаруй жилээр бэлтгэл хангаж байж анхны хагалгаанууд хийгддэг. Анх манайд 1996 онд баг байгуулагдсан ч анхны бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 2011 онд хийгдэж байжээ. П.Батчулуун тэргүүтэй эмч нар ерэн хэдэн оноос суралцаж, гаднын улс орнуудад туршлага судалж, судаснаасаа эхэлж сурч байж энэ салбарын эхлэл тавигдсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Монголчууд 383 хүнд бөөр, 472 хүнд элэг, 33 хүнд ясны чөмөг үүдэл эс, 170 гаруй хүнд шөрмөс, 24 хүнд нүдний эвэрлэг шилжүүлэн суулгасан гэсэн мэдээ байна. Магад одоо нэмэгдсэн байх. Гадаадад эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэвэл наад зах нь 500 сая төгрөгөөс эхэлдэг. Харин Монголдоо хийдэг болсноор 80 сая төгрөгийн өртөгтэй хагалгааны 70 хувийг даатгалаас төлж, иргэн өөрөө 30 хувь буюу 20 гаруй саяыг нь төлдөг талаар хэвлэлд бичигдэж байсныг хүмүүс харж л байсан байх.
Гэхдээ мөнгө нь байлаа гээд амь нь олдоход хэцүү хорвоод донороо хүлээсээр амь насаа алдсан хүмүүс ч цөөнгүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэхээр суулгуулахаар хүлээж буй иргэдийн тоо 2024 оны байдлаар 1094 байгаагийн 274 нь шинээр бүртгүүлжээ. Энэ тоо сүүлийн үед эрчтэй нэмэгдэж байгаа гэсэн. Тэднээс 53 иргэн хүлээх жагсаалтад хүлээж байгаад амь насаа алдсан гэхээр олон хүний амь нас цаг минутаар хэмжигдэж байна. Энэ хэрэг гарснаас хойш ар гэрийнхэн хүнээ донороор өгөхөөс татгалзаж, жагсаалтад байгаа хүмүүс хүлээхээс өөрөөр юу ч хийж чадахгүй байгаа гэнэ лээ. Донороос бөөр хүлээж байгаад 30 гаруйхан насандаа амиа алдсан залуугийн ээжийн пост зүрх зүсэм байсныг хүмүүс харсан л байх. Гэхдээ донор хүлээх жагсаалтад байгаа хүмүүсийн тоо бас тархины үхэлтэй донор гарах тохиолдолд тэднээс хэд нь эд эрхтэн авах боломжтой, хэдийнх нь ар гэр зөвшөөрдөг гэсэн дараах тоог харьцуулан харвал харуусалтайгаар амьд явах өдрөө тоолон суух монгол айлын зовлонт өдрүүд дуусахгүй мэт харагдана.
2018-2024 онд амьгүй буюу тархины үхэлтэй донор 292 гарчээ. Тэдний 220 нь боломжит донорт тэнцээгүй. Үлдэх 72-ын ар гэртэй нь уулзалт хийхэд 37 гэр бүл зөвшөөрч, 35 хүний ар гэр зөвшөөрөөгүй, эндээс 31 нь бодит донор нь болж, 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгасан гэсэн статистик байна.
Хэдийгээр хууль тогтоомж нь хангалттай биш учир дутагдалтай зүйл их ч эд, эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг хөгжүүлэхийн төлөө энэ хэдэн хүмүүс болохоосоо болохгүйг нь хүртэл явж ирсэн байх юм. Толгой болж ирсэн П.Батчулуун эмчийг барьж хорьсон энэ асуудал урам зоригтой урагшилж яваад залуу эмч нарыг ч хойш ухрах шалтгаан болж байгаа нь эргэлзээгүй.
Элгийг цөсний суваг, бөөрийг шээс дамжуулах замтай авдаг шиг шөрмөсийг ч бэхлэх ястай нь авна
Энэ хэрэг гарснаас хойш бид энэ салбарын талаар ойлголт тун бага гэдэг нь харагдаж байна. Хагалгаа хийж байгаад л бараг энийг авчихъя, өө энэ давгүй эд байна ш дээ гээд авчихсан юм шиг ойлголттой явдаг хүмүүс олон гэдэг нь харагдаж байна. Үнэндээ шүүхээс ял авчхаад байгаа П.Батчулуун эмч энэ хэрэгт яг яаж оролцсон хүн бэ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба гэж байх. Үүнийг тэр хүн толгойлон ажиллаж байжээ. Монгол Улсын Донорын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан чиг үүргийн дагуу Монгол Улсын хэмжээнд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хэрэгжилтийг хангах, Донорын тухай хууль, түүнийг дагаж гарсан тушаал, журмыг хэрэгжүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах, үндэсний бүртгэл, мэдээний сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үйл ажиллагааг хариуцдаг алба ажээ. Энэ бол цаасан дээр буусан чиг үүрэг. Энгийнээр хэлбэл,хот хөдөө донор болох магадлал бүхий тархины үхэлтэй донор гарахад үүнийг тогтоож мэдээлдэг багууд бий. Зөвхөн хотын гол эмнэлгүүдээс гадна 15-16 аймагт ийм мэргэшсэн багуудыг П.Батчулуун тэргүүтэй акулууд өнгөрсөн он жилүүдэд бэлдсэн гэж ойлгоход болно. Хаана донор гарч болохоор байна тэд мэдээлж, боломжтой бол ар гэрийнхэнтэй нь уулзаж зөвшөөрөл авна. Гэхдээ тэдэнд хэдхэн цаг л бий.
Энэ хугацаанд ар гэрийнхэнтэй нь уулзаж, зөвшөөрөл авч чадвал эд, эрхтэн шилжүүлэх суулгах багууддаа мэдээлэл өгнө. Манайд нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлал, Гэмтлийн эмнэлэг дээр элэг, бөөр, шөрмөс шилжүүлэн суулгах таван баг л байдаг гэсэн. Угаасаа одоогоор Монголд элэг, бөөр, судас, шөрмөс л шилжүүлж байгаа. Баг тус бүр дээр жагсаалтад донор хүлээж байгаа өвчтөний нэрс амь насны заалттай эсэх, хүсэлтээ өгсөн цаг минуттайгаа нарийн байдаг. Тэр дарааллаар нь, хүндээ таарах эсэхээр нь тэгээд аль багийн ээлж гэдгээр нь тун нарийн журмаар явсаар багууд ирж авдаг юм билээ.
Олон улсад ар гэрийн зүгээс донор болно гээд зөвшөөрчихсөн бол тэр л хуудсаараа ашиглаж болох эд эрхтэнг донор болгодог талаар Төрийн соёрхолт, гавьяат эмч О.Сэргэлэн ярилцлагадаа дурдсан байсан. Манайд ч Донорын тухай хууль энэ агуулгаар байдаг ч аль нэг сайдынх нь үед гаргасан журмаар юм ямар эд, эрхтэн авахыг бичиж өгөхийг заасан байдаг гэсэн. Хуулиасаа давсан журам асуудал дандаа гаргаж байдаг хойно.
О.Сэргэлэн эмч “Элгийг авахдаа элгийг цөсний замтай авч байж суулгадаг. Цөсний замтай нь аваагүй бол эрхтэн болохгүй. Бөөрийг нь авахдаа шээс дамжуулах замтай нь авч байж шилжүүлэн суулгадаг. Шөрмөсийг авахдаа шөрмөсийг бэхэлж байгаа хоёр талын ястай нь авч байж, ясыг нь ястай нь бэхэлж суулгадаг. Шөрмөсийг дангаар нь аваад тэр утас шиг юмыг аваад суулгаж чадахгүй” гэж хэлснийг аливааг анзаарч ойлгодог хүмүүс ойлгох л учиртай.
Угаасаа ямар ч эд эрхтнийг судастай нь авахгүй бол тэр эрхтэн суулгах ямар ч боломжгүй болно гэдгийг хэлж байна. Шөрмөсний тухайд эмч нар хэлэхдээ шөрмөсийг бэхэлж байгаа яс, булчин гээд бүхэлд нь хамтдаа шилжүүлэх ойлголт байхаас дан шөрмөс боломжгүй. Шөрмөс дороо агшчихдаг учраас -80 С-т хөлдөөж хадгалдаг аж. Сагс тоглож байгаад шөрмөсөө тасалчихсан гэсэн хүмүүсийг яаралтай хагалгаанд оруулдгийн учир энэ. Минутаар агшиж байдаг учраас өөрийнх нь шөрмөсийг залгавал агшсанаас тухайн газраа таталдах асуудал үүсдэгээс хиймэл шөрмөс нэмж тавьсан тухай ярьдаг шүү дээ. Энд анагаах ухааны хэлээр биш энгийнээр ойлгуулах гээд бүдүүн баараг бичиж байгааг ойлгоорой. Шөрмөсийг өндөр температурт хөлдөөж хадгалж хэрэглэх боломжтой харин бусад эрхтнийг богино хугацаанд яаралтай шилжүүлэн суулгах шаардлагатай. Тулсан хугацаанд ар гэрийнхэнтэй нь ойлголцоно, багууддаа мэдээлэл өгнө. Энэ бол П.Батчулуун эмчийн хийсэн ажил. Харин хагалгааны багийнхан ирж хэрэгтэй эд эрхтнээ авч, хүмүүсийнхээ амийг аврах хагалгаандаа орно. Амьгүй болсон биеийн эд эрхтэнд өөрчлөлт оруулахгүйн тулд янз бүрийн л арга хэмжээ авдаг байх. Аппаратын хүчээр зүрхийг ажиллуулж, журмын дагуу зүрх зогссон хугацааг тэмдэглэж үлдээхийг заримдаа хүмүүс амьд байсан мэт бодох нь байдаг юм билээ. Угаасаа тархи үхжиж, амьдрах боломжгүйн учраас улмаас донор болж байгаа шүү дээ.
Тэгвэл энэ хэрэг чухам юу болов?
Гучаадхан настай гурван хүүхэдтэй бүсгүй автомашины ослоор амь насаа алджээ. Үнэхээр харамсалтай хэрэг. Гэтэл гарцгүй газраар явсан бас жаахан юм үнэртүүлсэн байсан энэ тэр гээд дайрсан хүнд ч ял энэ тэр оноогоогүй юм уу даа. Энэ бол өнөөдөр манай улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиа барьж, шүүхээс гаргасан шийдвэр. Хүнээ алдсан хүмүүс гомдолтой байх нь аргагүй.
Гэмтлийн багаас тархины үхэлтэй донор болох магадлалтай ийм осол болсныг мэдэгдэж, ар гэрийнхэн нь донор болгох юм шиг байна гэснээр П.Батчулуун эмч хоёр хүнтэйгээ такси бариад Гэмтлийн эмнэлэгт очсон байдаг. Ингээд ар гэрийнхэнд нь танилцуулж зөвшөөрснөөр гэрээг байгуулсан юм байна. Гэрээнд элэг, бөөр, шөрмөс гээд нэг бүрчлэн бичжээ. Харин гэрийнхэн нь шөрмөс гэхийг сонсоогүй гэж мэтгэж байгаа гэсэн. Тийм хэцүү үед хэнд ч хэцүү байсан байж таарна. Гэхдээ гэрээнд бүгд бичигджээ.
Эрүүл мэндийн даатгал төлөгч байсан уу гэж асуухад тийм ээ гэж ар гэрийнхэн нь хариулжээ. П.Батчулуун эмчийг буруутгах ёстой гэвэл НДГ-ын даргын тогтоолд заасан даатгуулагч гэсэн ангилалд багтах эсэхийг тогтоох ёстой байсан гэх байх.
Амьгүй донор болж, эд эрхтнээ шилжүүлсэн даатгуулагчийн оршуулгын зардалд 3.5 сая төгрөгийг олгох тухай бичсэн заалтын даатгуулагч гэдэг үг энэ тэтгэмж хүртэхээс хассан бололтой юм. Даатгал төлсөн хугацаа нь даатгуулагч гэдэг ангилалд хүрээгүй ч юм уу. Монгол төрийн хууль журам нь энэ гээд хөөрхий бүсгүйн ар гэрийнхэнд төмөр нүүрээ ингэж харуулжээ. Энэ нь тэднийг гомдон уурсах шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хэргийн дараагаас даатгуулагч биш амьгүй донорт өгөх тэтгэмжийг яамнаас олгодог болсон гэж дуулсан. Ер нь өчнөөн хүний амийг аварч донор болж байхад оршуулгын зардлыг олгоход даатгуулагч байх эсэх хэнд хамаатай байна аа. Бас л бодлогын алдаа юм.
Энэ хэрэг шалгалтын явцад эд, эрхтэн шилжүүлсэн суулгуулсан хүмүүсээс мөнгө авсан эсвэл өөрийн хамааралтай хүмүүст ашиг сонирхлын дагуу өгч суулгуулсан эсэх гээд нарийн шалгаад ямар ч хамааралгүйг тогтоосон байгаа юм. Тэгээд ч үнэхээр ийм асуудал байсан бол ёстой шуугьж байна биз.
Нөгөө талдаа Нийгмийн даатгалын сангаас амьгүй донор болсон оршуулгын зардалд шилжүүлэх тэтгэмжийг даатгуулсан сар, хугацаагаар шалтаглаж өгөөгүйд өмнөөс нь уучлалт гуйсан эмчийн наманчлалыг зөвшөөрөлгүй эд, эрхтэн авсандаа хүлцэл өчсөн мэтээр нэг талыг барьж мэдээлсэн нь асуудалтай.
Гэхдээ энэ хэрэг нийгэмд гарч ирснээр Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, хууль, шүүхийн байгууллага, олон нийт, хэвлэл мэдээллийнхэн энэ тал дээр ч ойлголтоо өөрчлөх ёстойг хэлж өглөө. Ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авахдаа эхнэр, нөхөр, насанд хүрсэн хүүхэд, ээж аав л гэж зааж өгсөн байдаг. Энэ хэрэг дээр ээжээс нь гадна ах нар бүр үеэл нь хүртэл хохирогч гээд явж байгаа. Айл бүрийн амьдрал өөр учраас чухам яаж шийдэхээс эхлээд нарийн тусгах ёстойг энэ хэрэг хэлж өгч байна.
Нөгөө талаас нас барсан хүнд ч өөрийн эрх байдгийг хүмүүс ухаарав, донор хүлээсэн хүмүүсийн хувь заяа ямар байгааг ч ойлгуулж өглөө.
Түүн шиг мэргэжилтнийг бий болгоход хагас жаран ч багадна
Автомашины ослоор амь насаа алдсан А бүсгүйн элэг бөөрийг шилжүүлэн суулгаснаар, гурван хүний амийг аварч, 11 хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. Ийм олон хүн амь алдах эрсдэлийг ардаа орхиж, суумгайгаас босож ажил албандаа хэвийн явж, өвчин шаналлыг ардаа орхижээ.
Ард үлдэж байгаа сайжруулах хууль тогтоомж, амьдралд нийцээгүй дүрэм журам, халуун нэг амь аврахын төлөө өөрсдийгөө ч тоохгүй явдаг эмч нар, донор хүлээж жагсаалтаа харсаар амь насаа алдаж байгаа өрөвдөм монголчуудын хувь заяаг ил болгож өглөө. Бас нэг П.Батчулуун эмчийг бий болгохын тулд хагас жаран шаардлагатай байдгийг, тийм хүмүүсээ алдвал салбар бүхэлдээ хойш алхахыг ч олон нийтэд ойлгуулж өглөө. Олон нийт сошиалаар бүтэн давлагаалж байна.
Тэнцэж ядаж байгаа унага шиг шинэ тутам энэ салбарыг үүсгэн байгуулж, өртөөлөн авч явах ийм анзааны эмчтэй болно гэвэл хорьхон настай байхдаа эмнэлэгт асрагч хийгээд үзсэн байх хэрэгтэй. Монголдоо анагаахын сургуульд сурч бас хойно зургаан жил сурч, эмч болж ирээд Монголдоо төдийгүй АНУ, Швейцар, Финланд, Герман, Малайз, БНСУ-д жил, түүнээс илүү хугацаанд суралцсан байх шаардлагатай. Зөвхөн сурахын тухайд энэ шүү дээ. Хэдийд нь сурч, хэдийд нь ажиллаж амьдарч явсан юм бол доо. Ийм том золион дээр нэг салбарыг авч явах мэргэжилтнүүд төрдөг ажээ.
Одоо П.Батчулуун эмчийн биеийн байдал тун муу байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр байгаа. Хамтран ажилладаг хүмүүсийнх нь хэвлэлд ярьснаар зүрх нь 30 хувийн ажиллагаатай байгаа гэсэн байна лээ. 2011 онд зүрхний шигдээс болж, 16 минут зүрх нь таг зогссон талаар эмнэлгийн салбарынхан дунд үлгэр домог шиг яриа байдаг. Хүнд хагалгаатай ачаалалтай өдрүүдийн дараа ажил дээрээ ухаан алдаж унаж, эмнэлэг дээрээ байсан тулдаа яаралтай арга хэмжээ авсан ч зүрх нь зогссон тухай, ар гэрийнхэн нь иртэл аппарат салгахгүй аргалаад оролдож байтал эргээд зүрхний цохилт нь орж ирсэн тухай ярьдаг. Илүү олон хүний амийг авраарай гэсэндээ түүнийг дахин амилуулсан гэмээр.
Харамсалтай нь, энэ хүн Монгол төрийн бодлого дутуу явж ирсний, Монгол төрийн хууль тогтоомжийн буулга дор амь насаа алдах эрсдэлд хүрчээ. Үнэхээр алдаа гаргасан бол уучлах аргагүй. Өөрөө ч тийм атал өршөөвөл уучлалтыг хүлээж авахгүй өөртөө итгэлтэй, бардам хүн байх. Харин хууль нь ойлгомжгүй ийм нөхцөлд хүнээ ажиллуулчхаад яллах гэж байгаа бол төрийн буулга дэндүү хатуу, дэндүү утгагүй байна.
Эмчийг сулла. П.Батчулуун эмчийг сулла. #FreeBatchuluunemch
Э.Энэрэл /baabar.mn/
Сэтгэгдэл (1)