Зимбабвегийн усанд сэлэлтийн Олимпын хошой аварга Кирсти Ковентри Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) ерөнхийлөгчөөр сонгогдож, энэ албан тушаалд сонгогдсон анхны эмэгтэй, анхны африк гаралтай хүн боллоо. Тэрбээр мөн спортын энэ дээд байгууллагыг удирдах хамгийн залуу хүн болж байна. Одоо 41 настай Ковентри өмнөх ерөнхийлөгч Томас Бахын 12 жилийн бүрэн эрхийн дараа түүнийг залгамжлан томилогджээ.
Сонгуулийн дараах үгэндээ Ковентри “Есөн настайдаа Олимпын хөдөлгөөнийг удирдах хүн болно гэж төсөөлж ч байгаагүй. Харин одоо миний мөрөөдөл биеллээ. Өнөөдрийн шийдвэрээрээ та бүхэн бахархах болтол би чин сэтгэлээсээ зүтгэж ажиллана” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр мөн өөртэй нь өрсөлдсөн зургаан нэр дэвшигчтэйгээ хамтран ажиллахаа амлалаа.
Олимпын хорооны дотоодод Томас Бахын дэмжлэгийг авсан гол нэр дэвшигч хэмээгдэж байсан Ковентри эхний санал хураалтаар 97 гишүүний 49-ийн санал авч, тодорхой ялалт байгуулсан нь түүний нэр хүнд, итгэлийг илтгэж байна. Харин түүний гол өрсөлдөгч Хуан Антонио Самаранч 28 санал, С.Коу найман санал авсан байна.
Ковентригийн тэргүүллээр ОУОХ шинэ эринд шилжин орж буйг ажиглагчид онцолж байна. Түүний Олимпын аваргын туршлага, Африк тивийн төлөөлөл болсон байр суурь нь дэлхий дахинд спортоор дамжуулан тэгш байдал, боломжийг түгээх шинэ алхмыг илтгэж байна.
Эх сурвалж: AFP.