Канадын шинэ Ерөнхий сайд Марк Карни тангараг өргөснөөр албан тушаалдаа орж, Засгийн газрын танхимын гишүүдтэйгээ хамт үүрэгт ажлаа эхлүүллээ. Тэрбээр үүнтэй холбогдуулан хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Канад улс хэзээ ч, ямар ч хэлбэрээр АНУ-ын бүрэлдэхүүнд орохгүй” хэмээн онцолж, хөрш улсын удирдлагуудыг Канадад хүндэтгэлтэй хандахыг уриалав.
Канадын төрийн тэргүүн болох Их Британийн хаан Чарльз III шинэ Ерөнхий сайдад баяр хүргэж, амжилт хүссэн байна.
Марк Карни нь Канад болон Их Британийн Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд эрх баригч Либерал намын даргын сонгуульд илт давуу ялснаар Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон юм. Өмнөх Ерөнхий сайд Жастин Трюдо энэ оны нэгдүгээр сарын 6-нд албан ёсоор огцорсон бөгөөд өнгөрсөн баасан гарагт бүрмөсөн чөлөөлөгджээ.
Хууль ёсоор Канадын парламентын ээлжит бус сонгуулийг энэ оны 10 дугаар сарын 20-ноос өмнө явуулах ёстой ч тус улсын улс төрийн тогтолцоо Их Британитай төстэй тул Ерөнхий сайд нэмэлт эрх мэдлийн хүрээнд сонгуулийн товыг урагшлуулах боломжтой аж.
Өмнөх ерөнхий сайдууд сонгогдсон даруйдаа хамгийн түрүүнд АНУ-д айлчилдаг уламжлалтай байсан бол Марк Карни эхний гадаад айлчлалаа Парис, Лондоноос эхлүүлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: ВВС