Монгол Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг “Хэрэглэгч, түлш, эрчим хүч” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцож, түлш, эрчим хүчний салбарын бодлого, хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчны талаар санал солилцов.
Түлш, эрчим хүчний хэрэглээ, үнийн асуудал
Иргэдээс Монополийн эсрэг газарт эрчим хүчний үнэ нэмэгдсэнтэй холбоотой олон гомдол иржээ. Судалгаагаар өрхийн цахилгааны хэрэглээ 30-80 хувиар өссөн нь тогтоогдсон байна.
Монополийн эсрэг газрын дарга Б.Билгүүн хэлэхдээ:
- Цахилгааны шатлалтай тарифын өсөлтийг иргэдийн олонх мэдээгүй байна.
- Эрчим хүчний зохицуулах байгууллагуудтай хамтран үнэ тарифыг олон нийтэд ойлгомжтой мэдээлэх, өсөлтийг аажмаар хийх шаардлагатай гэж үзсэн.
- Төр болон төрийн бус байгууллагууд үнэ, тарифын асуудлыг нээлттэй хэлэлцэх нь чухал гэдгийг онцлов.
Хуульд оруулах өөрчлөлтийн саналууд
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатайг дурдав. Үүнд:
- Шүүхийн маргаангүй нөхөн төлбөрийн систем нэвтрүүлэх. Хэрэглэгч бага хэмжээний хохирлыг нэхэмжлэхийн тулд өндөр зардал гаргахгүй байх боломж бүрдүүлнэ.
- Үндэсний олон нийтийн радио, телевизийн хураамжийг цахилгааны төлбөрөөс тусад нь авах зохицуулалт хийх.
- Сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчид заавал төлөх ёстой эсэхийг эргэн харах.
- Эрчим хүчний тасалдлаас үүдэлтэй хохирлыг хэн хариуцах талаар тодорхой заалт оруулах.
Монгол Улс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг анх 2003 онд баталж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд одоо шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлж байна.
Эх сурвалж: МҮХАҮТ