ЭЛЬ ДОРАДО
1991 оны наадмаар Монголд нэг содон сонин зүйл болсныг олон хүн мартаагүй байгаа болов уу. Алс баруун Европоос нэг монгол хүн олон арван жилийн дараа төрсөн нутагтаа эгэн иржээ. Рэмбрандтын “тэнэмэл хүү буцаж ирдгээс” ялгаатай нь тэрээр лус шиг баян тарган нэгэн болсонд оршино. Тэрээр мөн л Холландын суут зураачийн нутгаас буцаж ирсэн төдийгүй, зураг дээрхийн нэгэн адил сахал үсэндээ баригджээ. Харин халаасанд нь сая долларын чек байлаа.
Тэрээр эх нутагтаа ирэнгүүтээ л Ромын папын нэгэн адил газар үнслээ. Буянт Ухаагийн шороотой цементийг шуналтай үнсэв. Тэрээр өөрийгөө аль гучаад оны үед алагдсан Хэнтийн Ганжуур тайжийн ганц хүү гэдгээ ёс төртэй мэдэгдэв. Манайхан архив шалгаад үзтэл үнэхээр Ганжуур тайж гэгч байсан байна. Харин хүүтэй байсан эсэх, байсан бол тэр нь дүрвэсэн эсэх талаар юу ч алга. Ийм нас тогтсон баян хүн юу л гэж худлаа хэлэв гэж, тэгээд ч үнэн худал нь ямар хамаатай юм бэ, хамгийн гол нь халаасанд нь бөөн мөнгө!!! Тайжийн төөрсөн хүүг төр засгийн томчууд өмчлөн аваад эцгийн нутаг руу нь аваачин эгээ л гэрийн буурийг нь эргэсэнгүй. Наадмаар тэрхүү үс сахалдаа баригдсан харсаар байтал орос царайтай нөхөр монгол дээл, жанжин малгай өмсөөд гол асрын төвд ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёртой зэрэгцэн суулаа. Үйтэн хуаран дээлтэй, хутга сэлэм агссан тэр сүрлэг эрийг тухайн үед нь гадаадын зочид Монголын төрийн тэргүүн гэж эндүүрч байсан байх.
Өөрийг нь байхгүй хоорондуур үнсэн дээр хаягдсан шалз шиг хоцорсон хөөрхий Монгол орон оросуудын гарт ороод ясандаа тултал дээрэмдүүлэн ядуурсныг албаны хүмүүс түүнд тайлбарлан, бодит байдлыг биечлэн танилцуулахдаа түүний хармайн дахь долларын сайхан үнэрийг сэтгэлээ сэргэтэл шимтэн үнэртэж, горьдлогын нүдээр харан, улам ядуу харагдах гэж хичээж байлаа. Байдлыг ойлгосон тэнэмэл хүү ч хэд хэдэн тохиолдолд сая долларыи чекээ гарган гарын үсэг зурах гэснээ ямар нэг шалтгаанаар больчихоод байв. Явсных нь дараа манайхан биенээ аашлан, яг өгөх гэж байхад нь чи буруу үг хэлээд сэтгэлд нь юм хийчихлээ хэмээн бухимдана. Энэ эр хэд хоног төрийн тэргүүний хэмжээнд хүндлүүлж аваад, буцахдаа тэрбум доллар өгнө гэж амлав. Зах зээлийн үед улс орныг удирдана гэдэг ийм амархан сайхан, нэр хүндтэй юм гэдгийг нээсэн дарга нар маань бод идсэн боохой шиг цатгалдан үлдлээ. Сайхь эрийг дуртай цагтаа Монголд ирж тэрбумаар тоологдох хандиваа өгч байгаарай гэж ерөөгөөд Монгол улсын шинэ хэвлүүлсэн дипломат паспортоор мялаав. Энэ эрийг Вьетнамын дайны үед ширэнгэнд төөрч явахад нь олсон ГЯЯ-ны нэгэн түшмэлийг эх орондоо тэрбум доллар олж ирснийг нь үнэлэн “онц бүрэн эрхт элчин сайд” цолоор хөхиүлэв.
Тун удалгүй араас нь ГЯЯ-ны сайд өөрийн биеэр нутгийн тайжийн тэнэмэл хүүгийн гэрт зочиллоо. Тэрээр Англиас Герман руу явж байхдаа зориуд зам муруйн “албан ёсны айлчлал” хийсэн юм. Англи, Германы ГЯЯ-ны сайд нар төдийлөн тоохгүй, таван минут уулзсан болоод салахын түүс болж байсныг бодвол мөнөөх монгол тайж Монголынхоо ГЯЯ-ны сайдыг гэртээ зочлон удтал хөөрөлджээ. Харин Ганжуур тайжийн хүү маань нэрийн хуудсан дээрээ өөрийгөө Чингисийн удмын сүүлчийн ганц ханхүү гэж тавьсан байсан нь хачирхалтай. Юм дэс дараалдаг журмаар сайдын араас улсаас баахан зээл авч, өөрийгөө бизнесмэн гэж нэрлэсэн сүрэг хүмүүс Холландын нэгэн жижиг тосгон руу шил даран цувцгаалаа. Монголын хөдөөг харуулсан хэвлэмэл өнгөт зурагнаас авхуулаад савхин дээл хүртэл янз бүрийн бэлэг сугавчлаад “нутгийн ахаа” эргэх эдгээр хүмүүсийн цаад чин хүсэл нь мөнөөх барагдашгүй мөнгө! Эдний хэн нь ч ахаасаа ганц улаан мөнгө салгасангүй, харин Чингисийн удмын сүүлчийн ханхүү өөрийн алсан гэх ханандаа өлгөсөн хүний толгой үзүүлж, олон сая доллароор худалдан авсан гэх уран зургаа гайхуулж, Герег, Тайваньд байдаг өөрийн үлэмж үнэтэй шилтгээний фотог харуулаад, хооллож ундлаад гаргана.
Харин Холландын сонинуудад Мэйжри хэмээх энэ эрийн тухай сонин материал гарах боллоо. Ява аралд төрсөн, индонез ээжтэй, холланд аавтай энэ эр Вьетнамын дайнд хөлсний цэргээр оролцон алуурчин болох замаа эхэлсэн нэгэн гэнэ. Каратэ сайн тоглодог, дээр нь панаал сүрхийтэйн хувьд Холландын хатан хааны торгон цэрэгт нэг хэсэг биеэ хамгаалах урлагийн багш хийж явжээ. Энд тэнд бага сага луйвар, махинац хийсэн бага гарын луйварчин боловч дорхноо тар нь танигдаад хэн ч итгэхээ больсон аж. Иймээс түүнд шинэ нэр сүр, шинэ тавцан хэрэгтэй болсон ба аз болоход энэ үед Чингисийн уугуул нутаг хаалгаа нээжээ. Тэрээр Монголд дуулиантай айлчлал хийснийхээ дараа биеэ Монголын хууль ёсны сүүлчийн ханхүүд өргөмжлөн, мөнөөх алсан хядсан хүмүүсийн зургийнхаа өмнө Монголын төрийн удирдагчдын бэлэглэсэн үндэсний хувцсыг учир утгагүй давхарлан өмсөөд зургаа татуулсныг нь харахад эртний бөө удган мэт. Жанжин малгай дээр хэн нэгний өгсөн генералын сүлдтэй төмөр тэмдэг хаджээ. Гарын үсгээ монгол гэр дүрслэн татах ба урьд нь мөнөөх Чингисийн алтан ураг гэдэг үг бичихээ үл мартана.
Ердийн нэг бага гарын луйварчин, ертөнцтэй танилцаж амжаагүй Монголыг шуугиулж, ерөнхийлөгчид нь “бар болох” санаархлаа илэрхийлтэл нь нөлөөлж чаджээ. Хаалттай нийгэмд хүнээр хооллуулж байсан Монгол гэнэт хаалга үүд нь нээгдэхээр юунд ч олзлогдохоор гэнэн цайлган байсан үе. Үүнд тэр үеийн удирдлагыг буруутгах нь утга учиргүй хэрэг. Юу гэвэл оронд нь Монголын хэн ч байлаа гээд хууртагдах л байсан, учир нь үзээд өгье гэхнээ хэнд маань ч ертөнцийн тухай үнэн төсөөлөл байгаагүй. Харин эндээс хийх нэг сонин дүгнэлт бол хөдөлмөр хийлгүйгээр зүгээр олз олох бидний нэг сонин араншин харагдана.
Америк тивийг нээсний дараахан нутгийн индианчууд асар их алт сул хэвтэх Эль Дорадо хэмээх нууцлаг газрын тухай домог ярьдгийг испаничууд олж мэджээ. Сул олз олох гэсэн олон мянган испани, португалчууд бүхэл бүтэн хоёр зуун жил Эль Дорадог хайсан юм. Мэдээж юу ч олоогүй боловч зүгээр сул хэвтэж байдаг эрдэнэс баялаг байдаггүй, баялаг зөвхөн хүний хөдөлмөрөөр бүтдэг гэсэн сургамж үлдээснээрээ их ач холбогдолтой. Монголчууд түүхэн тохиолоор буй болсон ардчилсан хувьсгалаас хойш их багагүй Эль Дорадогийн эрэлд мордоцгоолоо. Харин асар их сул эрдэнэ олдохоос өмнө энд тэндхийн луйварчин зальтан дайралдах нь тун элбэг. Луйварчид ганц Монголд байдаггүй, хүний нийгмийг үргэлж дагалдсан сүүдэртэй тал учир хаана л бол хаана бий. Ямар сайндаа л дааж давшгүй мөнгө хөрөнгөтэй, түүнээ зүв зүгээр бэлэглэх бодолтой хамаатан садан газрын гаваас гараад ирэх вэ дээ! Хэдэн жил Монгол даяар шуугиулсан төрийн албан ёсны мөнөөх үзмэрч бол зүгээр сууж хөрөнгөд хүрэх хорхой, тэр захиалга руу орж ирдэг луйварчин хоёр уулздагийн том жишээ юм. Үзмэрчээр Унгерний нуусан алт эрдэнэсийг эрүүлж, газрын тос хайлгуулан нисдэг тэргээр баахан авч давхисан нь мөнөөх л зүгээр сууж баяжих дон хүсэл шүү дээ.
Өнгөрсөн хэдэн жилд гадна дотны олон луйварчин бидэнд молиго үмхүүллээ. Тэнэг улсыг луйварддаг зүсэн зүйлийн арга бий. Бөөн шуугиан үүсгэсэн “Молам”, “Айбекс” бол өөр төрлийн луйвар. Америкийн хэдэн зальтан нийлж нэг пүүс байгуулан Кайманы аралд бүртгүүлжээ. Тэд сүүлд нь зугтаахын тулд аль нэг аралд бүртгүүлдэг гэнэ. Тэгээд Монголыг бараг үнэгүй шахам л холбоожуулаад өгье гэж ирж панаалдаж л дээ. Үнэгүй юманд ясны дуртай монголчууд тэдэнд 40 жилийн эрх олгочихож. Энэ эрхийг нь цааш нь үзүүлж баталгаа болгож байгаад баахан хувьцаа зарчиж болж байгаа юм. “Айбекс” групп байгуулсан бенгал эр бол үүнээс ч болхи юм хийсэн гээч. Тэрээр Монголын ерөнхий сайдын орлогчийг зад панаалдаж байгаад 100 жилийн онцгой эрх гээчийг олоод авч. Чингээд Монгол руу хөрөнгө оруулалт хийх гэсэн гадны пүүсүүдэд мөнөөх баталгаагаа үзүүлэн сүрдүүлж татвар маягийн мөнгө нэхэж явсан байна.
Сүүлийн үед “мөнгө угаах” тухай их ярих боллоо. Бүр хэдэн тэрбумаар нь гээч! Өөрийгөө бизнисмэн гэж нэрлэсэн нэгэн бээр Нигериэс мөнгө угаах урилга авсан гэж зарлаад, ер нь мөнгө угаах бодолтой байгаа ба гэхдээ үүнийг албан ёсоор л хуулийн дагуу угаана гээд Нигерийн элчин сайдын яамтай тохирч байгаа гэж туужээ. Албан ёсоор ганцхан Японд л “мөнгө угаадаг”. Юу гэвэл япончууд биендээ бэлэн мөнгө бэлэглэх нь их байдаг тул түүнээ автоматат хийн угаалгаж индүүдүүлээд шинэ юм шиг болгож авдаг гэнэ. Мөнөөх “мөнгө угаах” гээд байгаа нь шилжсэн утгатай үг ба хууль бусаар олсон мөнгийг далдлан хууль ёсны болгож авдаг эрүүгийн шинжтэй ажил. Иймээс албан ёсоор хуулийн дагуу хулгай хийнэ, хүн ална гэж байдаггүйн нэгэн адил хуулийн дагуу мөнгө угаана гэж хаанаас байх билээ. Мөнгө угаах ажил нь өөрийн дотоод дүрэмтэй, тогтсон зах зээлтэй. Ухаан нь хар тамхи зараад юм уу, банк дээрэмдээд асар их бэлэн мөнгөтэй болчихсон хүн, бэлэн мөнгөөр том худалдаа хийдэггүй ертөнцөд түүнээ дансных болгох хэрэгтэй болноо доо. Дээрэмдсэн мөнгөө банканд аваачаад өгвөл шууд л шорон явна шүү дээ. Тэгэхээр жишээ нь Макао гэх мэтийн мөрийтэй тоглоомын газар мөнгөө аваачаад зохих хэсгийг нь шан харамжинд өгч, үлдсэн мөнгөө мөрийнөөс хожсон маягтай болгоод дансны хууль ёсны хөрөнгөтэй болчихдог аж. Мөнгө угаадаг өөр олон мянган арга бий байх. Гэхдээ ерөнхий төрх нь энэ.
Манайхан одоо биенээ мөнгө угаах гэж байна гэж хардахаас гадна сайд дарга нь хүртэл зүгээр юманд дуртай юм болохоороо эвийг нь тааруулж мөнгө угаан хожоод эх орноо үнэгүй хөгжүүлчих санаатай элдэв юманд их орооцолдох юм. Үнэхээр хэдэн тэрбум доллар Монголд угаагдахаар орж ирээд ашгаа өгвөл сайн л биз. Угааж л орхих хэрэгтэй. Гэхдээ юманд жаал эрүүл саруул хандах хэрэгтэй. Монголын зах зээлийн мөнгөний багтаамж чинь өчүүхэн зүйл шүү дээ. Үндэсний нийт бүтээгдэхүүн нь 500 сая, улсын төсөв нь 200 сая долларт багтдаг ийм жижигхэн төмпөн дотор хэдэн тэрбумын том гэрийн бүрээс яаж угаах гэсэн юм бэ! Нэг булхайтай авгай гадаадаас 6 тэрбум доллар оруулж ирэхээр гэрээ хийчихсэн, Сангийн сайд нь гэнэн тэнэг амьтан болохоор улс орноо үнэгүй хөгжүүлж дэд бүтцээ өөд нь татаж авах зорилготойгоор өнөөхөд нь баталгаа гаргачихсан, мөнгө угааж улсыхаа нэрийг хөөдөх нь гэж нэг сонин санаа зовчихсон, ийм сайхан нууц төслийг илчлээд байхгүй болгочихлоо гээд нэг шүлэгч халаглаад нүүр дүүрэн юм бичиж байна гэдэг чинь онигоо байхгүй юу даа, таминь ээ! Зургаан тэрбум доллар гэдэг чинь учир замбараагүй их мөнгө. Ийм хэмжээний мөнгө ороод ирдэг юм бол түүнийг нь ашиглалгүйгээр зүгээр баталгаа болгоход л Монгол өнөөгийн эдийн засгийн хямралаас илбэтэй юм шиг суга үсрээд гараад ирнэ. Давай, угаадагсанж үү, индүүддэгсэнж үү, хууль бус байна уу, хуулиар байна уу түүнээ оруулаад ир л дээ. Улс орон чинь ийм том хөрөнгө оруулалтаар л босож ирнэ. Гэхдээ энэ мөнгө бол Монголд дэндүү томдчихсон бодит бус их хэмжээ. Өөрөөр хэлбэл цаана нь нэг муу жижиг гарын луйварчин л байгаа. Тэр жижиг гар нь монгол хүн ч байж чаддаг болсны нэг жишээ мөнөөх Сангийн сайдаар баталгаа гаргуулж байгаад тэтгэврийн хөгшдөд очих ёстой 90 сая төгрөгийг нь туучихдаг Гансүх гэдэг бацааны үйлдэл л дээ. Америкийн нэг судалгааны сан зүв зүгээр хэдэн сая доллар бэлэглэх гэж байна гэхээр манай дарга нарын дуртай байдаг яана аа! Энэ дэлхий дээр үнэгүй юм гэж байдаггүй юм шүү дээ.
Хөнгөлөлттэй зээл! Солонгосын хөнгөлөлттэй зээлээр тариурын үйлдвэр барьсан нь бас иймэрхүү намтартай. Нэгэн зуучлагч зальтай этгээд хөнгөлөлттэй зээлийг нь олж өгөөд үйлдвэр оруулж ирье гэжээ. Үнэгүй юманд дуртай юм хойно засгийн газар баталгаа гаргаад л өглөө. Өнөө бичгийг нь үзүүлж байгаад цаад нөхөр хөнгөлөлттэй зээлээ олох нь ч олж. Дараа нь мэдээж тэр мөнгөөрөө өөрөө үйлдвэр оруулж ирсэн. Харин зуучилсны хөлсөнд уул үнээс нь хоёр гурав дахин үнэтэй өгөхөө мэдэлгүй яахав. Зуучлагчид тэгж л амьдардаг юм чинь. Мөн эргүүлж мөнгийг нь төлөх эрсдэлийг нь тэр чигээр нь манай засгийн газарт үүрүүлэхээ ч мэднэ. Асуудал уул нь зээл олохдоо биш, эрсдэлийг нь хэн үүрэхдээ байдаг юм л даа. Ингээд миний нөхөр өөрийн хувь хэмжээгээ аваад арилж өгсөн. Харин манайх зах зээлийн судалгаагүй нэг сайхан үйлдвэртэй болоод авлаа. Борлогдохгүй бүтээгдэхүүн нь агуулахдаа баггахгүй байна. Ер нь ч тэгээд Монголд үйлдвэрлэсэн тариураар судас руугаа шивүүлж суух хүн гадаадад аль зэрэг олон бол? Би л лав жишээ нь Балбад үйлдвэрлэсэн тариураар үхсэн ч итгэж тариулахгүйдэг!
Иймэрхүү жишээ даанч олон. Эль Дорадо хайцгаагаад л! Улс орныг босгож ирэх юм бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт орж ирэхээр шулуулдаг. Тэр үнэн. Гэхдээ шулуулахгүй гэвэл хөгж, хөгжье гэвэл шулуул гэсэн парадокс байдаг. Харин манайхан хөгийн луйварт итгэдэг гэнэн мөртөө гадны хөрөнгө оруулалтад хэчнээн хүйтэн ханддаг гэж санана! Тэмүүжин Мэнчийг хөөгөөд явуулсан. Солонгосын нэг ресторан бол жижиг ч гэсэн хөрөнгө оруулалт, гэтэл цагдаа нар авгайгийнхаа хатгаасаар очиж эзнийг нь эхнэртэй нь бороохойдож баривчилсан. Тагнуулаар дүүрсэн гэж хараан, байн байн шалгаж юмыг нь хураасаар байгаад Богд Хангай рестораныг сүйрүүлсэн. Ийм газар бэлээхэн ийм жишээ байхад дараа дараагийн хөрөнгө оруулагчид дэд бүтэцгүй, дэндүү жижиг Монголын зах зээл рүү орж ирэх үү! Манай үүд хаалга онгорхой шүү гэж хэдэн дарга нар маань гадаадад айлчлахдаа маань мэгзэм шиг юм уншаад л явдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гаргасныгаа учиргүй харж үзсэн юм болсон мэт тууж байхыг нь харахад өмнөөс нь ичмээр, тэгээд өрөвдмөөр. Зургаан жил өнгөрчихөөд байхад хэдэн сая долларын хөрөнгө оруулалт орж ирчихээд байна даа? Орж ирсэн хөрөнгө оруулалтын ихэнх нь газрын тосны хайгуулд оногдож байна. Гэтэл тэднийг ч загнаж аашлан хөөж туух нь элбэг болжээ.
Эль Дорадо гэж байдаггүй. Энэ бол домог. Баялагт зөвхөн хөдөлмөрөөр хүрдэг. Оюун ухаан, өндөр боловсрол ч гэсэн хөдөлмөр юм шүү дээ.
Б.Баабар. 1995 он