Ирэх дөрөвдүгээр сарын 13-нд Бээжин хотноо хагас марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн уралдаан спортын болон робот техникийн түүхэнд шинэ эрин үеийг нээх гэж байна. 12,000 гаруй тамирчидтай хамт тусгайлан зассан зам дээр хүн дүрст роботууд уралдах бөгөөд энэ нь хиймэл оюун ухаан, робот техникийн салбар дахь Хятад улсын хамгийн сүүлийн үеийн хөгжлийг харуулах юм.
Тэмцээнийг Хятадын CCTN телевизийн суваг санаачилсан бөгөөд хүнтэй адил хоёр хөлөөрөө гүйдэг дугуйгүй роботууд оролцох нөхцөлтэй. Роботууд бүрэн автономит, хагас автономит, зайнаас удирддаг гэсэн гурван төрлөөр өрсөлдөнө.
Роботуудын гүйх чадвар
Роботууд хиймэл оюун ухааны дэвшилтэт системээр тоноглогдсон бөгөөд хурд, хөдөлгөөний чиглэл, эрчим хүчний зарцуулалтаа оновчтой тооцоолж уралдана.
Одоогийн байдлаар хамгийн өндөр амжилттай робот нь Unitree компанийн зохион бүтээсэн H1 загвар бөгөөд 18 км/цаг хурдлах чадвартай байна. Энэ нь хүн дүрст роботуудын дотроос хамгийн хурдан нь боловч мэргэжлийн тамирчдын амжилтаас нэлээд доогуур үзүүлэлт юм.
Тухайлбал, 2024 оны хоёрдугаар сард Уганда улсын тамирчин Жейкоб Киплимо хагас марафонд дэлхийн дээд амжилт тогтоож, 21 км-ийн зайг 56 минут 42 секундэд туулсан байна. Энэ нь 22 км/цагийн дундаж хурд гэсэн үг.
H1 робот уралдааны туршид 18 км/цагийн хурдыг тогтвортой хадгалж чадах эсэх нь эргэлзээтэй ч энэ удаагийн уралдаан робот техникийн салбарын хөгжлийг хурдасгах чухал үйл явдал болох юм.
Эх сурвалж: New-Science.ru