АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн (НАСА) сансрын нисгэгч Барри “Бутч” Уилмор, Суни Уильямс нар есөн сар гаруй хугацаанд сансарт гацсаны эцэст мягмар гарагт эх дэлхийдээ эргэн иржээ.
Тэд “SpaceX” компанийн сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцаас (ОУСС) 17 цагийн аялал хийж, Флоридагийн эргийн ойролцоо газардсан байна. Тэдэнтэй хамт Америкийн сансрын нисгэгч Ник Хейг, Оросын сансрын нисгэгч Александр Горбунов нар ч мөн буцаж ирсэн аж.
Газардсаны дараа багийнхныг Хьюстон хот дахь НАСА-гийн сансрын төвд хүргэж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан бөгөөд ОУСС-аас гарахын өмнө тэд хамтран ажиллагсадтайгаа салах ёс хийж, дурсгалын зураг татуулжээ.
“Starliner” хөлгийн доголдлоос үүдэн нислэг хойшилжээ
- НАСА-гийн ахмад сансрын нисгэгчид болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөндөө гарсан туршин нисгэгч нар өнгөрсөн зургаадугаар сард “Boeing” компанийн “Starliner” хөлгөөр сансарт ниссэн.
- Тэд анх цөөн хэдхэн хоногийн дотор даалгавраа гүйцэтгэх ёстой байсан.
- Гэвч “Starliner” хөлгийн жолоодлогын системд доголдол гарсан тул тэдний буцаж ирэх хугацаа олон удаа хойшилжээ.
- Үүний улмаас “SpaceX” компанийн сансрын хөлгөөр тэднийг буцаан авчрахаар шийдвэрлэсэн байна.
Улс төрийн маргаан дэгдээв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын нисгэгчдийг аль болох ойрын хугацаанд буцаан авчрах үүрэг өгсөн бол, Ерөнхийлөгч асан Жо Байден энэ асуудлыг улс төрийн шалтгаанаар ашиглаж, “ОУСС-д тэднийг санаатайгаар гацаж орхисон” гэж мэдэгдсэн нь анхаарал татав.