“SpaceX” компани НАСА-тай хамтран тойрог замд есөн сарын турш гацаад байсан Америкийн сансрын нисгэгч Буч Уилмор, Суни Уильямс нарыг буцаан авчрах ажиллагааг эхлүүлжээ. Тэднийг Олон улсын сансрын станц (ОУСС)-д хүргэсэн “Starliner” хөлөг техникийн доголдлын улмаас төлөвлөсөн хугацаанаасаа олон сарын турш тэнд саатаад байсан юм.
Шинэ “Crew-10” багийнхан болох АНУ-ын сансрын нисгэгч Энн Макклейн, Николь Айерс, Японы сансрын нисгэгч Такуя Ониши, Оросын сансрын нисгэгч Кирилл Песков нарыг Флорида муж дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс "Falcon 9" пуужингаар хөөргөсөн байна. Тэд зургаан сарын хугацаанд ОУСС-д ажиллана.
Буч Уилмор, Суни Уильямс нар өнгөрсөн 2023 оны зургадугаар сард “Boeing” компанийн “Starliner” хөлгийн туршилтын нислэгээр ОУСС-д ирсэн ч хөдөлгүүрийн эвдрэлээс болж буцаж чадаагүй. ОУСС-д байх хугацаандаа тэд шинжлэх ухааны судалгаа хийж, станцын засварын ажлыг гүйцэтгэжээ.
“Crew-10” багийнхан бямба гарагийн 23:30 цагт станцад залгагдсаны дараа сансрын нисгэгчдийн халааг авах ёслол болох бөгөөд өмнөх “Crew-9” багийнхан буюу НАСА-гийн сансрын нисгэгч Ник Хэйг, Оросын сансрын нисгэгч Александр Горбунов нар гуравдугаар сарын 19-нд "Crew Dragon" хөлгөөр дэлхий рүү буцна.
Эх сурвалж: VOA