АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт Боловсролын яамыг татан буулгах ажлыг эхлүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Тэрбээр уг шийдвэрийг эртнээс боловсруулсан бөгөөд энэ нь зөв алхам гэдгийг бүгд мэдэж байгаа хэмээн мэдэгдэв. “Ардчилсан намынхан ч энэ нь зөв гэж ойлгож байгаа” хэмээн нэмж хэлжээ.
АНУ-ын Боловсролын яам 45 жилийн өмнө байгуулагдсан ч тус улс оюутанд ноогдох зардлаараа дэлхийд тэргүүлдэг атал боловсролын чанарын үзүүлэлтээр доогуур байгааг Ерөнхийлөгч онцолсон байна. Энэ нь төвлөрсөн боловсролын бодлого амжилтгүй байсны илрэл гэж Трамп үзэж байгаа аж.
Гэвч уг шийдвэр АНУ-ын төрийн албан хаагчдын дунд эсэргүүцэлтэй тулгарсан. Боловсролын яамны ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ алхмыг боловсролын тогтолцоог эвдэх, ирээдүй үеийг хохироох шийдвэр хэмээн дүгнэжээ. АНУ-ын Төрийн албан хаагчдын холбооны ерөнхийлөгч Эверетт Келли “Энэ жижиг боловч хүчирхэг байгууллагыг устгах нь том алдаа” хэмээн мэдэгдсэн байна.
Боловсролын яамыг татан буулгах нь Дональд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг байсан бөгөөд одоо Конгресс холбогдох хуулийг баталснаар энэ шийдвэр хүчин төгөлдөр болох юм.
Эх сурвалж: UNN.