Литва улс нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах НАТО-гийн санал гарвал Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлахад бэлэн гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Довиле Шакалене мэдэгдлээ.
Тэрбээр "Хэрэв холбоотнууд Литвад цөмийн зэвсэг эсвэл түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг байрлуулах бодит төлөвлөгөөг санал болговол Үндсэн хуулийн 137 дугаар зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай болно" гэжээ.
Одоогоор ийм санал Вильнюст тавигдаагүй гэж Батлан хамгаалахын сайд онцолж байгаа бөгөөд Литвийн Үндсэн хуулийн 137 дугаар зүйлд үй олноор хөнөөх зэвсэг болон гадаадын цэргийн бааз байрлуулахыг хориглосон байдаг.
Зүүн Европт цөмийн зэвсэг байрлуулах тухай байр суурь
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Зүүн Европт цөмийн зэвсэг байрлуулахыг дэмжихгүй байж магадгүй гэж түүний дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс мэдэгдлээ.
"Би энэ талаар Ерөнхийлөгчтэй ярилцаагүй. Гэхдээ тэр энэ саналыг дэмжвэл би үнэхээр гайхах болно. Энэ бол хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой асуудал" гэж гуравдугаар сарын 13-нд Fox News-т ярилцлага өгөхдөө хэлжээ.
Үүнтэй зэрэгцэн Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда АНУ-ын эрх баригчдад хандан Зүүн Европт цөмийн зэвсэг байрлуулахыг уриалсан байна.
"НАТО-гийн хил хязгаар 1999 онд өргөжсөн. Тиймээс 26 жилийн дараа энэ бүс нутагт НАТО-гийн дэд бүтцийг шилжүүлэх ёстой. Миний бодлоор цаг нь нэгэнт ирсэн бөгөөд ийм зэвсэг өмнө нь байсан бол бид илүү аюулгүй байх байлаа" гэж тэрбээр Financial Times-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэрээр энэ асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Орос, Украины асуудал хариуцсан тусгай элч Кит Келлогтой хэдийн хэлэлцсэн гэдгээ мөн мэдэгджээ.
Эх сурвалж: DW