УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж 3-р сарын 20-нд Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Буриадын Тэргүүний орлогч, салбарын сайд нар болон Монголын талын төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр Б.Пүрэвдорж Буриад Улсаас манай улсад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийлж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолсон. Түүнчлэн Буриад Улстай соёл, түүх, бичиг үсгийн хувьд гүн холбоотой гэдгийг дурдав.
Буриадын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич Монголтой бүхий л салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж буйг тэмдэглэж, зам тээврийн салбарт улс дамнасан ачаа тээврийг өргөжүүлэх хууль эрх зүйн нөхцөл бүрдсэнийг хэллээ. Түүнчлэн боловсролын салбарт хамтран ажиллахыг онцолж, Буриадад суралцагч монгол оюутны тоог 200-аас 500 болгох зорилт тавьсан гэдгээ уламжлав.
Эрүүл мэндийн салбарт орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, монгол иргэдийг хямд зардлаар эмнэлгийн тусламж авах боломжийг бүрдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэний мод тарилтад хамтран ажиллаж эхэлснийг онцлон, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон бусад албаны төлөөлөгчид оролцсон байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.