ЮНЕСКО-гоос 1999 онд зарлан тунхагласнаар жил бүрийн гуравдугаар сарын 21-нд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Энэхүү өдөр нь яруу найргийн үнэ цэнэ, хэлний гоо зүй, оюуны эрх чөлөөг дэмжих зорилготой бөгөөд дэлхий дахинд хэл, соёлын олон янз байдлыг хадгалах чухал ач холбогдолтой юм.
Яруу найраг нь хүний сэтгэлийн дотоод орон зайг илэрхийлэгч, аливаа үндэстний соёл, ёс заншлын тусгал болж ирсэн. Уран яруу илэрхийллээр дамжуулан нийгмийн үзэгдлийг шүүмжилж, хүний эрх чөлөөг тунхаглаж, хүн төрөлхтний нэгдмэл сэтгэлгээ, үнэ цэнийг түгээх хүчтэй хэрэгсэл болдог. Яруу найраг бол зөвхөн уран зохиолын нэг төрөл биш, харин үндэстний оюун санааны илэрхийлэл, түүхэн оюуны өв юм.
Б.Ренчиний “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” гэх үгс бол зөвхөн эх хэлээ бахдан дуулсан уран үг бус, яруу найраг хэл ярианы гоо сайхныг дамжуулагч хамгийн нандин хэлбэр гэдгийг харуулдаг. Харин ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова 2015 оны мэндчилгээндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн онцолж байжээ.
Мөн ЮНЕСКО “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт яруу найргийн баримтат өвүүдийг хадгалж, хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад оруулдаг. Үүний нэг жишээ нь Ливаны “Ал-Зажал” хэмээх хүлцэл, эв нэгдлийг илэрхийлсэн эртний шүлэг юм.
Энэхүү өдөр бол яруу найрагчдыг дэмжих, хэлний баялагийг эрхэмлэн нандигнах, утга зохиолын хүчээр хүн төрөлхтөн хоорондоо илүү гүн ойлголцох бололцоог дэмжих өдөр болж байна.
Эх сурвалж: ЮНЕСКО.