Монгол Улсад олон үндэстэн ястан эв найртай амьдардгийн нэгэн жишээ болсон казах түмний уламжлалт Наурызын баярыг энэ сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд тэмдэглэхээр болжээ. “Наурыз 2025” нэртэй энэхүү арга хэмжээ өглөөний 09:00 цагаас эхэлж, казах ард түмний соёл, урлаг, уламжлалыг таниулах баялаг хөтөлбөрөөр өрнөх юм.
Баярын үеэр соёл, урлагийн тоглолт зохион байгуулагдахын зэрэгцээ казах үндэсний бөхийн тэмцээн болох бөгөөд "казах күрес" хэмээх уламжлалт барилдааныг олон нийт үзэж сонирхох боломжтой. Мөн гар урлалын үзэсгэлэн гарч, казах гэрийн бүтэц, уран зураг, ахуйн хэрэглэлийн онцлогийг танилцуулна. Үүнээс гадна наурызын зоог, уламжлалт идээ ундааг таниулах үйл ажиллагаа болох юм.
Наурызын баяр нь өдөр шөнө тэнцэж, байгаль шинэчлэгдэж эхлэх цаг үеийг илтгэдэг учир Төв Ази, Кавказ, Ойрхи Дорнод, Балканы хойгийн улс орнуудад шинэ жилийн эхлэл хэмээн өргөн тэмдэглэгддэг. Дэлхий даяар нийтдээ 300 сая гаруй хүн энэхүү баярыг тэмдэглэдэг бөгөөд энх амгалан, эв найрамдлыг бэлгэддэг уламжлалт соёлын чухал баяр хэмээн тооцогддог.
Эх сурвалж: Нийслэлийн Соёл, урлагийн газар.
Сэтгэгдэл (1)