VALORANT-ын $50,000 буюу 173.7 сая төгрөгийн шагналын сантай “Challengers 2025 Southeast Asia: Split 2” тэмцээнд Монголын The MongolZ баг оролцох эрхээ аваад байна. Тэмцээн дөрөвдүгээр сарын 2-нд онлайнаар эхэлнэ.
Тус тэмцээнд Зүүн Өмнөд Азийн 12 шилдэг баг оролцох бөгөөд тэднээс дөрвөн баг нь өмнөх “Split 1” тэмцээний хасагдах шатнаас эрхээ авах журмаар шалгарч байгаа юм. The MongolZ баг нь энэ шатанд Тайландын “Team NKT” багийг 2-1 харьцаагаар (Haven 13-10, Ascent 7-13, Fracture 13-9) хожсоноор Split 2-ын эрхээ авсан байна.
Энэ оны нэгдүгээр сард болсон Split 1 тэмцээнд The MongolZ баг 11-12-р байрт шалгарсан ч хасагдах шатанд амжилттай оролцож, боломжоо дахин баталгаажууллаа.
“VALORANT Challengers” бол B-Tier түвшний бүс нутгийн тэмцээн бөгөөд цуврал тэмцээнүүдэд оролцон оноо цуглуулж, хамгийн өндөр оноотой баг A-Tier буюу “VCT Ascension Pacific” тэмцээнд өрсөлдөх эрхтэй болдог. Монгол баг A-Tier түвшний тэмцээнд хараахан оролцож амжаагүй байгаа ч The MongolZ багийн энэхүү амжилт дараагийн шат руу дэвших боломжийг нээж байна.
Эх сурвалж: VALORANT Challengers, Liquipedia, The MongolZ.