Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (ЭХЭМҮТ) нарийн мэргэжлийн эмч нарын баг 2025 оны гуравдугаар сарын 17-ныг хүртэл Ховд аймагт ажиллана.
Тус ажлын багийг Эмнэл зүй эрхэлсэн тэргүүн дэд захирал, гавьяат эмч Л.Ганбаяр ахалж, бүрэлдэхүүнд Хүүхдийн мэс заслын их эмч, гавьяат эмч А.Цэнджав, Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч, гавьяат эмч Б.Дэлгэрмаа зэрэг есөн эмч багтжээ.
Эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай хүүхдүүдэд зарим мэс засал хийхээс гадна хүүхдийн нарийн мэргэжлийн зургаан чиглэлээр ажлын байрны дадлагажих сургалт зохион байгуулж, орон нутгийн эмч нартай туршлага солилцож байна.
Энэхүү ажил нь Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд алслагдсан бүсийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой.
Ховд аймаг нь тус багийн ажилласан 12 дахь аймаг болж байна.
Эх сурвалж: ЭХЭМҮТ