Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг хүүхэлдэйн баатрын төрхөөр бүтээсэн 3D зураач Б.Энхтөрийн уран бүтээл олон нийтийн анхаарал, талархлыг хүлээгээд байна. Түүний энэхүү бүтээл нь Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс ч дэмжлэг хүлээж, цахим орчинд өргөнөөр түгжээ.
Б.Энхтөр нь хүүхэлдэйн төрхтэй дүрслэлүүдээрээ танигдсан бөгөөд өмнө нь морь унасан хүү, бөхийн засуул зэрэг бүтээлүүдээрээ олон нийтийн талархлыг хүлээсэн. Тэрбээр энэ удаа хүндэт харуулын дүрээр шинэ бүтээлээ олон нийтэд толилуулсан бөгөөд цаашид цэргийн уран бүтээлээр дагнан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
“Миний бүтээж байгаа төрхүүд бүгд нэг загварын хүүгийн дүртэй. Энэ хүүг цаашид цэргийн хөгжимчин, холбоочин, танкчин, шүхэрчин зэрэг олон хувилбараар бүтээх бодолтой байна” хэмээн уран бүтээлч Б.Энхтөр онцолжээ.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб