1.
Манай олон нийтийн дунд сүүлийн үед өрнөж байгаа шүүмжлэлүүд ОХУ-тай хамтран ажиллах гэрээнүүдийг тойрч байна. Нэг талаас нийтийн ухамсар улс орныхоо аюулгүй байдал, ирээдүйн хөгжлийн асуудлууд буюу өөрсдийнхөө үндсэн зүйлс рүү илүү мэдрэг, болгоомжтой хандах хандлагаар сүлэгдэж буй нь сайн хэрэг юм.
Аливаа улс орны гол үнэт зүйл нь тэр орны ард түмэн билээ. Мөн улсынхаа хамгийн том хамгаалагч нь ч аль нэг том улс гүрэн биш, өөрийнх нь иргэд л байдаг. Ямар ч Төр ард түмэнтэйгээ хөтлөлцөж байж л оршин тогтноно. Өөр салаа ойлголт үгүй.
Одоогийн нэн шинэ дэлхийд социалист нийгмийн үеийнх шиг “Орос ах нар маань ирж аварна. Алтан Москва биднийг хамгаална” гэх мэт үлгэр домгийн ойлголт байхгүй болсон. Харамсалтай нь өнгөрсөн зууныхаа дийлэнх он жилүүдэд хойд хөршийн материал техникийн бааз байсан, хамаг байдгаа хадган дээр тавиад өргөдөг байсан тэр үеийн айдас гэмээр зүйлс манай иргэдийн зарим хэсгийнх нь уураг тархинаас салаагүй яваа нь мэдрэгддэг. Энэ ганцхан манай ой санамжид гүн шингэж үлдсэн зүйлс ч биш юм. Харж байгаа биз дээ, хойдууд маань бидэнд одоо ч ямар давилуун, бүр нэг эзэн орон шиг аашилсан гэрээнүүд тулгаж байгааг. Тэгэхээр тэдний ой тойнд ч “Монгол бол бидний атганд арвалзаж байх ёстой улс” гэсэн дээрэнгүй үнэр шингээстэй хэвээр байдаг гэсэн үг. Хоёр талын уураг тархинаас ор мөргүй арчигдаж чадаагүй үлдсэн энэ муу “өв”-тэй өнөөдрийн Төр яаж харилцах эвээ олж чадаагүй л байна. Мэдээж цаасан дээрх дипломат харилцаа байдгаараа байгаа. Гэхдээ… А.Амар, П.Гэндэн тэргүүтэй олон зуун эх орончдынхоо халуун амь, бүлээн цусаар хамгаалагдаж ирсэн тусгаар тогтнолын үнэ цэнээ ямар ард түмэн цээжиндээ баринтаглахгүй байх билээ. Амссан зовлон шиг гашуун юм үгүй шүү дээ. Тэгэхээр олон нийт энэ мэт хачирхалтай асуудлууд дээр эмзэг хандахаас аргагүй юм. Өнөөгийн энэ байдал хамгийн ээдрээтэй үе ч байж мэдэх…
Дэлхийн геополитикийн өрөг дээр их гүрнүүдийн зөрчилдөөн ил тод өрнөж буй өнөөгийн шинэ нөхцөл байдал, түүн дотор Монгол Улсад тулгарч байгаа амаргүй сорилтууд биднийг цаашид илүү их төнхөх нь тодорхой боллоо. Магадгүй бидний идэвхийлэн сахиж ирсэн төвийг сахих бодлогоор ч дан ганц хамгаалагдахгүй түвшин рүү гулсаж мэдэхийг хаа хаанаа анзаарах цаг иржээ.
Оросууд ч амаргүй нөхцөлд байна. Гэсэн ч тэд хуучин ЗХУ-ын үеийн бүрэлдэхүүндээ багтаж байсан улс орнуудтай шинээр гар барих оролдлогыг идэвхтэй хийж байгаа. Евразийн эдийн засгийн холбоо зэрэг бусад чухалд тооцогддог олон улсын байгууллагуудын хүрээнд санаачилгатай бодлогууд явуулж эхэлсэн. Хоёр хөрш маань хоорондоо геополитикийн томоохон асуудлуудаар хамтрах яриа хэлэлцээрүүдийг тасралтгүй явуулж байна гэх зэрэг бидний гадагшаа харах нүд илүү том байх шаардлага зайлшгүй болсныг ч бид бодох ёстой.
Дэлхийн улс орнууд яг одоо туйлын хурцадмал байдалд шилжээд байгаа худалдааны дайнаас улс орныхоо эдийн засгийг авч гарах программууд дээрээ ажиллацгааж байна. Харин Монгол юу хийж байна вэ. Бидэнд хариулт алга…
Үнэн хэрэгтээ энэ дэлхий дээр биднийг гэх хэн ч байхгүй. Биднийг гэх бид өөрсдөө ч цул шинжээ алдсан. Бид хэдэн туйлт зөрчилдөөн, хэндээ ч итгэхгүй үл ойлголцолд идэгджээ. Бараг хайбрид дайны хөлд талхлуулсаар байгаад ингээд дуусах юм биш байгаа гэх сэтгэл гутралд нийгэм маань орж эхлээд байна.
Одоо тэгээд яах вэ ?
2.
Өчигдөр хуучнаар манай Түшээт ханы нэг ах хүү залгаж байна. Тачигнатал инээж баахан хөөрөлдсөн ч дараа нь цээж өөрийн эрхгүй хөндүүрлэх нь хачин. Ах хүү ингэж ярив.
“Манайд ардчилсан оронд болдог юм бүхэн л болж байдаг. Оросыг өмөөрсөн, Украиныг буруушаасан хөдөлгөөнүүд ч байдаг. Украиныг дэмжигч хөдөлгөөнүүд ч байж л байдаг. Тэр нь эх орноо хамгаалсан энгийн иргэдийнх нь талд зогссон, тусгаар орон улс руу түрэмгийлэн халдахыг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлж буй л хэрэг. Харин энэ өдрүүдэд хөндөгдөж байгаа асуудлууд бол өөр хэрэг юм. ОХУ-тай хийх гэж байгаа гэрээнүүд яах аргагүй дээрх бүх талынхны анхаарлыг нэг цөм рүү аваад ирлээ.
-Тэгэх шиг боллоо… Хойдуудын энэ гэрээг сөрж чадахгүй бололтой. Арга чаргаа нэг л олохгүй байх шиг?
-Хэрэв манай парламент намын бүлгүүдээрээ дарамтлуулаад батлаад явуулбал Монголын төлөө халуун амиа зольсон эх орончдын маань амь үнэгүйднэ. Нөгөө талаас орилолдоод л гэрээг нь урж шидээд, цээж нүцгэлээд гүйлдвэл шууд утгаараа оросуудын занаанд орно. Хөгжиж буй жижиг орнууд дээр лобби хийж ажилладаг чиглэл чиглэлийн жижиг доншуур тоглогчид Монголд орж ирээд манайхныг бужигнуулж байна гэж зарим хүмүүсийн хэлж байгаа худлаа ч зүйл биш.
-Одоо тэгээд яадаг хэрэг вэ?
-Ямар нэгэн аргаар гэрээг зурахгүй хойшлуулах хэрэгтэй. Болохгүй бол ардынхаа цүлх ухаан руу ух л даа. Юм ойлгоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг, наймаа хийх гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг тамхиа баагиулаад суугаад байдаг гүжир хөх өвгөд байдаг даа. Яг тэгж л аашлах хэрэгтэй. Ц.Туваан сайд нь нэлээн зүтгүүлж байгаад “..би барахгүй юм байна” гээд огцорчихож болно. Дараагийн сайд томилогдоно, ажлаа аваад асуудлуудтай танилцаад байна гээд цаг авч баахан явах хэрэгтэй. Шадар сайд ч мөн адил нэлээн явуулж байгаад алга болчих хэрэгтэй.
-Яаж алга болно гэж вэ?
-Яаж юу байдаг юм. Огцорчихож болно шүү дээ. Ийм маягаар дарга нар цуваад л солигдоод байх хэрэгтэй байна. Амь насны дэргэд албан тушаал юу юм бэ. Монголын төлөө Ерөнхий сайдууд маань амь насаа өргөх зориг зүрхтэй байсан юм шүү. Ийм юм болж байхад албан тушаал мэтийг золих хэрэгтэй. Ингэж тэгж байтал дэлхийн цаг агаар яагаа ч билээ, геополитикт хавар ирж ч магадгүй. Монголын заяа их ээ гээд хэвтчихдэг улиг болсон хэдий ч шүншиг шингэсэн залбирлаа хийгээд гөжчих цаг. Тэр Женко ч алга болох хэрэгтэй. Оросууд тэгж л айхтар хүзүүг нь базчихаад байдаг юм бол хэсэг холдох хэрэгтэй шүү дээ…
Ах хүүгийн яриа ард түмний маань шаналангийн нэг хэсэг юм даа. Энгийн иргэн нь хүртэл ийм юм бодож суудаг гэхээр монгол хүн гэдэг бас л хайр хүрэм бодьгалууд шүү. Ийм ард түмнийг хайрлахгүй, өөр хэнийгээ хайрлах билээ дээ.
3.
За, тэр гэрээ гээч нь чухам юу юм бэ. Үнэхээр эсэргүүцэх донд идэгдсэн шүүмжлэгчид бас л сурснаараа гуйвуулж давхиад байгаа хэрэг үү. Арай энгийнээр тайлбарлая.
Энэ бол агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр юм. Одоо манайх хэлэлцэж эхлэх гэж байна. Хөнгөхөн гүйлгээд харвал шатахуун түлш тогтвортой нийлүүлэх тухай хөрш улсуудын хооронд байж л байдаг энгийн нэг гэрээ мэт . Гэвч дотор нь хожим хортой үр дагавар дагуулж мэдэх хачирхалтай заалтууд багтсан болохоор иргэд эсэргүүцэж эхлээд байгаа юм. Онгоцны түлш нийлүүлэх тэрхүү гэрээг хэрэгжүүлэхийн тулд хоёр улс хамтарсан компани байгуулах юм байна. Тэр компани нь “Чингис хаан” онгоцны буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах зэрэг эрх дарх эдэлнэ. Иргэдийн уурлаад байгаа зүйлийн нэг энэ юм. Энэ буудал манай улсын стратегийн нэг чухал дэд бүтэц. Яагаад энэ цэг дээр заавал ОХУ-тай хамтарсан компани байгуулагдах болчихож байгаа юм гэж иргэдийн уурлах аргагүй. Бид яагаад дандаа тэдэнд илүү өгч байж хамтардаг юм бэ. Өнгөрсөн зууныг өнөөдөртэй нь авч явж байгаа Эрдэнэт үйлдвэр маань ч хамаг өрмөө тэдэнд хуулуулсан шүү дээ. Ингээд яривал үй түмэн юм бий.
Өчигдрөөс эхлээд “…манайх өөрсдөө ганц ч литр шатахуун үйлдвэрлэдэггүй шүү дээ. Онгоцны түлш битгий хэл А80 ч байхгүй. Бүгдийг нь Оросоос авдаг. Арай энэ байдлаа мартаагүй биз…” гээд л нөгөө айлгах технологи нь яваад эхэллээ. Мэдээж энэ хоосон үг биш гэдгийг бид мэднэ. Энэ гэрээ 20 жилийн хугацаатай үргэлжилнэ. ОХУ-тай хамтарч шинээр байгуулах компанийн 60 хувийг нь монголчууд, 40 хувийг оросууд эзэмших аж. Монголын талаас “Эрчис ойл” ХХК, Оросын талаас НК Роснефть компаниуд хамтарч энэ нэгдлийг байгуулах юм байна. Яг ч оросууд дан хаанчлаад явчихна гэсэн үг биш. Гэхдээ өөр нэг эвгүй заалт байна. Энэ гэрээнд “Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш хоёр сарын дотор хэрэг явдал шийдвэрлэгдэхгүй тохиолдолд талуудын аль нэг талын хүсэлтээр ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд шилжүүлж, тэнд шүүнэ гэжээ. Тэр арбитрын шүүхийн шийдвэр нь эцсийн шийд бөгөөд талууд заавал биелүүлнэ” гэсэн байх юм.
Түлш нийлүүлэх хэлэлцээр гээч дотор иймэрхүү таагүй юмнууд байна. Тийм болохоор манай олон нийт эрс эсэргүүцэж эхэллээ. Ингэхэд бөөн юм болж, Энэтхэгийн зээл тусламжаар барьж буй нефтийн үйлдвэрээ бид ашиглахгүй юм уу. Бүх үеийн турш л нефтийн үйлдвэр мөрөөдөж ирсэн биз дээ. Тэндээс гарах түлшээ хэрэглэж болох эсэх маань ч эргэлзээтэй болоод явчих шиг. 20 жилээр хийх гэрээ гээд байдаг. Япончуудын барьж өгсөн ганц нисэх буудлаа ч өөрсдөө толгой мэдэн ашиглаж чадахгүй, хэний онгоцыг буулгах үгүйгээ хойдуудаас хараат шийддэг байдал руу гулсчих юм биш биз гэж ард иргэд эргэлзэж байна. Энэ магадлалтай шүү дээ. Учир нь асуудал үүсэхэд олон улсын арбитрын шүүхээр биш оросын арбитрын шүүхээр шийдүүлэх болчихоод байна. Үнэхээр хэний ч дургүй хүрмээр биш гэж үү. Энэ явдал дээр монголчууд бид хэний манаагүй гэдэг шиг бүгд эгдүүцэж байна. Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна.
Хятадын Сангийн яам дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортод 84 хувийн татвар ногдуулж байгаагаа зарлачихлаа. Дагаад хөрөнгийн зах зээл савлагаанд оров. Лондонгийн “FTSE 100” индекс 3.5 хувиар, Германы “Dax” индекс 3.8 хувиар, Францын “Cac 40” индекс 3.9 хувиар, Испанийн “Ibex” 3.2 хувиар гээд тус тус буурав.
Манай өмнөд хөрш энэ 84 хувийн татвараа зарлахын өмнө “Хятад улс худалдааны дайнд оролцох хүсэлгүй байгаа ч ард түмнийхээ хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхол хохирохыг зүгээр хараад суухгүй” гэж мэдэгдсэнийг дэлхий нийт цөм харсан. Ийм мэдэгдлийн дараа ард түмэн нь улам л нэгдэж нягтарч, улам л хэрсүүжиж, улам л эх орныхоо төлөө цохилцгоож байгаа нь ойлгомжтой.
Дэлхийн томчууд ийнхүү эдийн засгаараа бие биеэ даах нь, тэд мөрөө шүргэлцэн мөчөөрхөлцөж байна. Харин Монголын Төр нийтийн хөрөнгийг үр ашиггүй, амь аргацаах хэлбэрээр хуваахаас өөр юм бодож олж чадахгүй байна. Хятадууд өнгөрсөн сард болсон “Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал”-аараа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2025 онд 5 хувь, инфляцын түвшинг 2 хувь, улсын төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлж 4 хувьд хүргэх, хот суурин газрууддаа 12 сая ажлын байрыг шинээр гаргах зэрэг том хөдлөх зорилтууд тавилаа.
Харин бид нефтийн хараат бус байдлаасаа болоод байгаа ганц нисэх буудлаараа дэнчин тавиад үзэж байна…
Өдрийн сонин