Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол шуудан ХК-тай хамтран гаргаж буй шуудангийн маркийн анхны өдөр болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамны “Их Номин” танхимд зохион байгуулав.
Уг арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера, Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүд, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Францын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид оролцов.
Гадаад улстай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Монгол Шуудан ХК-тай хамтран дурсгалын маркийг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлдэг уламжлалтай. Мөн дипломат харилцааны ойг тэмдэглэх хүрээнд Олон улс судлалын хүрээлэн, Монгол, Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.
Монгол, Францын хооронд 1965 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэгш ойн хүрээнд энэ оны турш Улаанбаатар, Парис хотод цуврал арга хэмжээг зохион байгуулна гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.