Леонардо да Винчигийн “Витрувианы хүн” хэмээх алдарт зураасан зураг нь хүний биеийн харьцааг шинжлэх ухаан, уран барилга, урлагийн уялдаанд тулгуурлан дүрсэлсэн бүтээл юм. Энэ зургийг тэрбээр XV зууны төгсгөл үед бүтээсэн бөгөөд өдгөө “дэлхийн хамгийн алдартай зураасан зураг” хэмээн нэрлэгдэх болсон. Уг бүтээл нь урлагийг зөвхөн гоо сайхан бус, шинжлэх ухаан дээр үндэслэн туурвих ёстой гэсэн Леонардогийн үзэл санааг тод томруун илэрхийлдэг.
“Витрувианы хүн” зураг нь Ромын уран барилгач Витрувийн “Архитектурын арван ном”-ын гуравдугаар ботийн хүний биеийн харьцааны тухай үзэлд үндэслэсэн бөгөөд барилга, зохиомжийн төгс зохицол нь хүний биеийн харьцаанд оршдог хэмээсэн санааг даган бүтээжээ. Үзэл баримтлалыг даган тойрог болон дөрвөлжин хэлбэрт багтаасан хүний дүрслэл нь дээд ба доод дэлхий, тэнгэрлэг болон материаллаг ертөнцийн нэгдлийг харуулдаг хэмээн үздэг байв.
Хүний биеийн хэмжээсүүдийг Леонардо дараах байдлаар тодорхойлсон байна:
-
Царай: Үсний угнаас хөмсөг хүртэл, хөмсөгнөөс хамар, хамраас эрүү хүртэл хэсгүүд ижил урттай. Нүүрний өндөр нь чихний урттай тэнцэнэ.
-
Толгой ба хүзүү: Чээжнээс зулай хүртэл биеийн зургааны нэгтэй тэнцэнэ.
-
Алга: Биеийн өндрийн 1/10 хэмжээтэй.
-
Ул: Биеийн долооны нэг, зарим эх сурвалжаар зургааны нэг.
-
Тохой: Зургаан алгатай тэнцэнэ. Дөрвөн тохой нь хүний өндөртэй тэнцэнэ.
-
Гар: Тохойноос хурууны үзүүр хүртэл нь биеийн тавны нэг, тохойноос суга хүртэл нь наймны нэг хэмжээтэй.
-
Хүйс: Зургийн тойргийн геометрийн төв болж байгаа бөгөөд хүн бүрд тэнцвэрийн цэг гэж үздэг.
Леонардо да Винчи энэ бүтээлээ олон нийтэд зориулан бус, өөртөө зориулан хийсэн бөгөөд зураг дээр бичсэн тэмдэглэлүүд нь тольны тусгал маягаар баруунаас зүүн тийш бичигдсэн нь түүнийг солгой хүн байсан, мөн дотоод сэтгэлгээнийх нь тусгал хэмээн түүхчид тайлбарладаг.
Өдгөө энэ зураг нь Венецийн Академийн галерейд хадгалагдаж байгаа бөгөөд түүний үнэ цэнэ зөвхөн урлагийн бус, шинжлэх ухааны түүхэн ач холбогдол бүхий өвөрмөц бүтээлд тооцогддог. “Витрувианы хүн”-ийг тойрч Леонардо да Винчигийн хүний биеийн тухай мэдлэг, биеийн хэмжээ харьцааг геометрийн дүрслэлд уусган илэрхийлсэн чадвар өнөөг хүртэл гайхагдсаар байна.
Эх сурвалж: Vokrugsveta.ru, Wikimedia Commons, United Archives via Legion Media.