Нийслэлийн зүүн өмнөд хэсэгт орших Нүхтийн аманд 1400-1500 орчим айл өрх амьдарч байгаа бөгөөд айл бүр шахам өндөр, шовх үзүүртэй төмөр хашаа татсан нь зэрлэг амьтдын хувьд амьд гарах гарцгүй "төмөр ширэнгэ" болжээ. Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарт багтдаг уг ам нь эртнээс зэрлэг амьтдын нүүдлийн зам, амьдрах орчин байсаар ирсэн ч хүн амын өсөлт, суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор зэрлэг ан амьтдад төдийгүй малд ч аюул дагуулах болсныг холбогдох албаныхан онцолж байна.
Буга, бор гөрөөс зэрэг томоохон амьтад уг хашааны дээгүүр харайн гарахдаа шовх төмөрт гэдсээ сүлбүүлэн үрэгдэх тохиолдол олонтаа бүртгэгдэж байна. Мөн гарах гарцгүй болсон гөрөөс, буга төмөр хашаанд тээглэж, гэмтэн, зарим нь амь насаа алдаж буйг Богд хан уулын хамгаалалтын албанаас мэдээлжээ. Тухайлбал, зэрлэг гахай сүүлийн хоёр жилийн хугацаанд тус нутагт огт үзэгдэхээ больсон бол бугын хувьд хашаанд орж ирээд нохойд хөөгдөх, гарч чадахгүйгээс үүдэн зүсэгдэж, гэмтэн үхэх тохиолдол ихэсчээ.
Нийслэлд 2018 оноос хойш таван жилийн дотор нийт 19 бор гөрөөс, 10 халиун буга, нэг цагаан зээр буюу нийт 30 зэрлэг амьтан төмөр хашаанд өртөж үрэгдсэн байна. Хашаа зөвхөн ан амьтдад бус гэрийн тэжээвэр амьтдад ч аюул учруулж байгаа бөгөөд саяхан Орхон аймагт үхэр төмөр хашаанд гэдсээрээ тээглэн гацсан тохиолдол бүртгэгджээ. Энэ нь зөвхөн хот суурин төдийгүй хөдөө орон нутгийн хувьд ч анхаарах асуудал гэдгийг харуулж байна.
Энэхүү нөхцөл байдлыг зогсоохын тулд зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалттай газрын захиргаад хамтран зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг баталсан бөгөөд 2024 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн айл өрх, аж ахуйн нэгжүүд энэхүү стандартад нийцүүлэн хашаагаа шинэчлэх журам хэрэгжиж эхэлнэ. Стандартын дагуу шинэ хашаа нь 1.2 метр өндөртэй, доогуураа 60-70 см өргөн нээлхийтэй байх бөгөөд энэ нь жижиг амьтад, мөлхөгчид болон бор гөрөөс зэрэг амьтад чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх юм.
Байгаль, ан амьтдын амьдрах орчныг хамгаалах нь зөвхөн төр, төрийн бус байгууллагын ажил биш бөгөөд нийслэлчүүд, айл өрх бүрийн оролцоог шаардсан хариуцлагатай асуудал юм. Хот тэлж, хүн ам нэмэгдэж байгаа энэ цаг үед байгальдаа ээлтэй амьдрах ухаалаг шийдлүүдийг хэрэгжүүлэх цаг нэгэнт иржээ.
Эх сурвалж: УТХГ, Богд хан уулын ДЦГ, Нийслэлийн байгаль орчны газар