x

2006 он: Эргэлтийн цэг

Энэ өгүүлэл 2006 онд Өдрийн сонинд ганц удаа хэвлэгдсэн аж. Анх удаа гадны хөрөнгө оруулалт Монголд дөнгөж нэвтэрч эхэлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн ганц жилийн дотор хоёр дахин өсөж, гагцхүү гадны хандив тусламжаар амь зогоож байсан нэн буурай орон тун удахгүй дэлхийн дундаж улсын зэрэглэлд хүрэх үүд хаалга нээгдэж байсан юм. Зөгнөн хэлсэнчлэн үүнээс ердөө 6 жилийн дараа гэхэд ДНБ 10 дахин өсөж, жилийн өсөлтөөр 17.6 хувьд хүрснээр дэлхийн дээд амжилт тогтоож байв. Гэвч цаашаа яасныг цөмөөрөө санаж байгаа болов уу? Нохойн толгой ширээн дээр тогтодоггүй юм гэнэ лээ. Загасны ой 8 секунд байдаг гэсэн, эргэж сануулах гэж үүнийг харуулж байна.

2006 ОН: ЭРГЭЛТИЙН ЦЭГ

Энэ 2006 он бол манай орны цаашдын хөгжил цэцэглэлийн эргэлтийн цэг боллоо. Хүнд ноогдох гадаад өрөөрөө дэлхийн тэргүүлдэг, Хайти, Сомалиас арай дээгүүр боловч ядуувтар орон Гватимал, Домиканаас хол доогуур, дэлхийн хамгийн хөгжил дорой орны тоонд багтах улсыг 1990 онд шинэ төр хүлээж авсан билээ. Хэрэглэж байгаа бүхнийхээ 70 хувийг колоничлолын төлөөс болгон гаднаас зээлж авдаг энэ дорой орон коммунист систем гэнэт нуран унаснаар тэжээгчээ алдан үнсэнд хаягдсан шалз болон хувирсан. Өөрөөр хэлбэл тэжээгч нас барааский.

  1. Гэвч хувьд шилжсэн мал аж ахуй богино хугацаанд олширч шилжилтийн хамгийн хүнд үеийг өлсгөлөнгүйгээр даван туулж чадсан юм. Харьцуулахад бидэнтэй адил гэнэтийн шилжилт хийсэн нэлээд орнууд өлсгөлөн гуйланчлалд автсан. 
  2. Үүний зэрэгцээ чөлөөт ардчилсан тогтолцоо, зах зээлийн харилцаанд орсон нь хамтын нийгмийн орнуудын дэмжлэг авснаар эхний арав гаруй жилд нийт хэрэглээнийхээ 40 хувийг олон улсын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлж байлаа. 
  3. ДНБ- хэмжээ ердөө ганц тэрбум доллар хүрэн ядаж байсан нь энэ орны цаашдын хөгжилд гол саад болсоор ирсэн. Гадагш нь худалдах юмтай байж л мөнгөтэй болно, мөнгөгүйгээр хандив тусламжаар хаашаа ч явж чадахгүй. Худалдаж болох юм нь байгалийн түүхий эд. Бидэнд өөр юу ч байхгүй. Гэтэл байгалийн түүхий эдээ илрүүлэх, ухаж гаргах, зөөж тээвэрлэх хөрөнгө ч техник ч технологи ч, мэдлэг чадвар мэргэжилтэн ч байхгүй. Иймээс Гадаадын хөрөнгө оруулалт юун түрүүн хэрэгтэй. 15 жилийн турш гаднын хөрөнгө оруулагчид хайн уриалан дуудсан боловч бараг хэн ч тоож нааш хандсангүй. Туршилт маягаар зарим нэг хөрөнгө оруулагч хандсан боловч хөөж туусан бидний авир араншин жигшээж байсан хэрэг. Гэтэл ердөө өнгөрсөн жилээс жинхэнэ гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хаалгаар цухуйж эхэлснээр маш богино хугацаанд ДНБ хоёр дахин өсөж бараг 2 тэрбум доллар болов.

Өнгөрсөн хорь шахам жилийн хугацаанд монголчууд шилжилт хийхдээ үй түмэн алдаа гаргасан боловч дундаж наслалт 68 болон нэмэгдсэн, нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэл бараг гурав дахин буурсан, өдөрт хэрэглэж буй хүнсний илчлэг 2600 к.кал, дундаж сарын цалин 6 доллароос 100 орчим доллар болон өсжээ. Нийгмийн болон төрийн систем асар том дэвшилд хүрч, ДНБ-ийн 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж, иргэд өөрийн итгэл үнэмшилтэй байх төдийгүй түүнээ бүрнээ илэрхийлэх баталгаат эрхтэй боллоо. Улаанбаатар 1990 онд 3 мянган автомашин, түүний дотор 100 хувийн автомашинтай байсан бол өдгөө энэ тоо 100 мянгад хүрч, зөвхөн гар утас хэрэглэгчдийн тоо 600 мянга даваад байна. 16 мянган оюутантай байсан бол одгоо бараг 120 мянга хүрч байна. Хэчнээн бараан сүүдэртэй байгаад манай нийгэм эрчимтэй урагшлан хөгжиж байна. Хөрш орны эрчимт хөгжил, газрын баялаг, чөлөөт зах зээлийн тогтоц, иргэдийн өөрсдөө хийх чөлөөт сонголт-эрх чөлөө гэсэн гурав дөрвөн гол хүчин зүйл энэ хурдан урагшлалтын гол мотор болж байгаа юм. ДНБ-ий жилийн өсөлт сүүлийн үед 10 хувьд хүрч энэ үзүүлэлт ойрын хэдэн жилдээ хадгалагдах бололцоо буй боллоо. Дэлхийн эдийн засагт гарч буй сүүлийн үеийн гэнэтийн өөрчлөлтүүд Монголд ашигтайгаар тусаж, чухам л өдгөө тэрбумаараа долларын хөрөнгө оруулалт, түүнийг дагасан аварга дэд бүтцүүд буй болох түүхэн шанс бодит болов. Өдгөө Монголын ДНБ-ий хэмжээ хоёр тэрбум долларт дөхөж буй ба таатай нөхцөл бүрэлдсэнээр энэ тоо ойрын хэдхэн жилд хэд дахин нэмэгдэн монголын дундаж иргэнд ноогдох ДНБ хэмжээ дэлхийн дунджид хүрэх бололцоо харагдаж байна.

2001 онд хийсэн нийтийн саналын судалгаанаас үзэхэд монголчуудын бараг 90 хувь нь 1990 онд хийсэн нийгмийн болон төрийн ардчилсан сонголтыг зөв болсон гэж үздэг юм байна. Ингэхээр ардчилсан тогтолцоо нь хүн төрөлхтний туршлагаар батлагдсан хамгийн сайн зам төдийгүй манай ард түмэн энэ замаар орсныгоо зөв гэж үздэг, сонголтондоо сэтгэл ханамжтай байдаг юм байна гэж харагдаж байна. Ерөөсөө ч ардчилсан бус тогтолцоо манайд хэрэгжих гадаад болон дотоод нөхцөл нэгэнт үгүй болсон. Хятад, Казакстан, Дундад Азийн орнуудад тогтож буй бүтэн болон хагас диктатурын системийг хүн Монголын амын дийлэнх нь хүлээж авахгүйгээс гадна өдгөө тийм тогтцыг буй болгоод бариад явж чадах бүлэглэл, хүчин нэг ч байхгүй. Нөгөөтээгүүр ийм юм болдог юм гэхэд гадаад талаасаа дэмжлэг үгүй болох ба хөршүүдээс өөрөөр үүнд талархах газар үгүй тул ирээдүйн стратегийн аюулгүй байдал тун ч хөөрхийлөлтэй болох буй зээ.

Ерөөсөө 1990 онд монголчууд шилжилтийн хамгийн хүнд хувилбарыг сонгож авсан. Нийгэм эдийн засгийн хавсарсан шилжилт хийсэн төдийгүй шилжилт хийж буй 40 орчим улс дотроос зөвхөн Монгол, Унгар хоёр төрийн парламентат хэлбэрийг нь шууд сонгосон билээ. Энэ сонголт илүү хүнд, илүү зүдэргээтэй, гэхдээ илүү баталгаатай суурь нь сайн тавигддаг болохыг хүний иргэншлийн сүүлийн олон жилийн туршлага харуулсан. 

Гээд ерөнхий утгаараа их дэвшил гарч байгаа ч зэрэгцээд бас юу болоод унав? Манай нийгмийн тогтолцоо буруу байгаа талаар сүүлийн үед амтай болгон ярьдаг боллоо. Нэгэнт би ч бас амтайгийн нэг болохоор тогтолцооны гажгийн тухай байнга ярьдаг. Гэтэл тогтолцоо гэж юугаа хэлээд байгаа, тэр нь тэр чигээрээ буруу юм уу, зарим хэсэг нь болохгүй байгаа юм уу? Ерөөсөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь дээр байж уу? Эсвэл Монголд ардчилсан төрийн систем тохирохгүй байгаа юм уу? Эс бөгөөс парламентын тогтолцоо хэрэггүй, Ерөнхийлөгчийн тогтолцоог одоо сонгоод нэг азаа үзэх тухай ярьж байна уу? Хаантай болсон нь дээр гээд байгаа юм уу? Цэргийн дэглэм тогтоох уу? Хятадыг дуурайх уу?

Гэвч нийгэм дахь баян ядуугийн ялгаа улам ихсэж, иргэдийн урам хугарах, амьдарч буй нийгмийнхээ тогтоц механизмд санаа алдрах явдал улам их болж байна. Энэ бол манайд үйлчилж байгаа нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд үүргээ гүйцэтгэж чадахгүй, яаж ч тайлбарлагдаж болдог, нэг нь нөгөөгөө үгүйсгэдэгт оршино. Эртний Ромд “тодорхойгүй хууль байснаас огт хуульгүй нь дээр” гэсэн анхааруулга бүх хуулиудын орой дээр үндсэн зарчим болон тогтдог байжээ. Манайд харин ихэнх хууль болгоноос олон заалт нь эргээд Үндсэн хуулиа зөрчсөн байдаг. Би л лав тогтцын гажиг гэхдээ чухам энэ нийгмийг зохицуулж буй хуулиудын зөрчлийг нэрлэдэг. Гар утас хулгай хийсэн хүүхэд 12 жилээр заагддаг, улсаа тоносон хүн Хөдөлмөрийн баатар болдог буюу бусдыг болгодог чухам энэ байдал чинь тогтцын гажиг биш үү? Нийгмээс ядуу давхаргадаа өгч буй тусламжийн 70 хувь нь эзэндээ очдоггүй чинь тогтолцооны гажиг биш үү? Төрийн институцүүдийг ажиллуулах хүмүүсийг чадамжаар нь биш, аль луйврын бүлэгт хамаарч байгаагаар нь шалгаруулдаг нь тогтцын гажиг биш гэж үү? Нийгмийн менежмент хийх хүмүүсийг ард түмний хүсэл эрмэлзлэлээр сонгон шалгаруулдаг гэх авч ачир дээрээ аль шилдэг хулгайч, шигшээ худалчийг нь сонгон шалгаруулдаг механизм үйлчилж байгаа нь тогтолцооны гажиг биш гэж үү. Сайн механизмыг хууль буй болгодог. Гэтэл бидэнд механизм муу байх тусмаа сайн гэсэн зарчим үйлчилж байгааг тогтолцооны гажиг гэхээс өөрөөр юу гэх юм бэ? 

Манай иргэдийн дийлэнх нь муу хүмүүсийг зайлуулж сайн хүнтэй болоод жаргах мөрөөдөлд автдаг. Үнэндээ энэ бол хуурамч мөрөөдөл юм. Гэтэл сүүлийн үед манайд байгаа болгон тэр чигээрээ муу учраас орвонгоор нь бужигнуулах үзэл суртал газар авч эхэллээ. Большевикууд Орост төрийн эрх авуутаа хөрөнгөтний барьсан төмөр замыг хуу татаж аваад оронд нь ажилчин ангийн төмөр зам тавьж эхэлсэн юм гэнэлээ, тэрэрхүү л юм яриад сурталчлаад эхэллээ. Гэтэл ийм ойлголт нь луйварчдад бүр ч сайхан далим болно.

Сүүлийн үед сүлдээ солих тухай их ярих болов. Чухам тэр сүлдэн дээр буй тасархай мориноос болоод л улс уруудаад байгаа бололтой юм. Оронд нь нэг мангасны зураг тавьчихаж. Авлига авбал тэр мангас нь амьдаар нь идэж шийтгэх бололтой юм. Гэтэл үнэндээ үүнийг сэдсэн бүлгийнхэн сүлдний тухай огт бодоогүй. Пивоны бөглөө онгойлгогчтой төстэй одоогийн сүлд олон хүнд таалагдахгүй байгаа. Үүнийг солих тухай яриа бол эцэст нь Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөхөд чиглэсэн түлхүүр тааруулах арга. Ерөнхийлөгчийн тогтолцоо руу орвол улс ганц сайн хөгжинө гэсэн арга нь барагдсан гэнэн хүмүүсийн мөрөөдлийг луйварчдын нэг бүлэглэл гярхай ажигласан хэрэг. АНУ Ерөнхийлөгчийн системтэйг бүгд мэднэ. Гэхдээ бүх Африк, Латин Америк тэр чигээрээ яг үүнийг хуулсан мөн тийм тогтолцоотойг хүн бүр мэддэг болов уу.    

Б.Баабар, 2006 оны 9 дүгээр сар 10

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.26.25)
    баабар шаасан бнштэ
    2025 оны 04 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэйчүүдийн гранпри: Б.Мөнгөнтуул дараалан дөрөв дэх удаагаа ялагдаж, аравдугаар байрт бичигдлээ 1 цаг 50 мин Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний баярын эвлэрэлд хоёр тал харилцан буруутгав 1 цаг 51 мин Сонгинохайрхан дүүрэгт 500 хүний суудалтай спортын цогцолбор баригдаж байна 1 цаг 53 мин Пап лам Францис таалал төгслөө: Католик шашин шинэ тэргүүнээ хүлээж байна 1 цаг 53 мин “Бидний хүч, бидний гариг” уриан дор Эх дэлхийн өдрийг тэмдэглэж байна 1 цаг 54 мин “Эдийн засгийн хөгжлийн зөвлөл”-ийн IV хуралдаан: Тодорхойгүй байдлыг давах эдийн засгийн шийдлүүд хэлэлцлээ 1 цаг 56 мин Симона Байлз, Арман Дюплантис нар 2024 оны шилдэг тамирчнаар шалгарлаа 1 цаг 57 мин Бодипозитив эрины төгсгөл: Ozempic хэрхэн тоглоомын дүрмийг өөрчлөв 1 цаг 59 мин Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 3 цаг 33 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Энэтхэгт айлчилж байна 3 цаг 44 мин Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ 3 цаг 48 мин Гэрэл зургийн долоо хоног Дарханы гэрэл зурагчдын нэгдсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ 3 цаг 53 мин "Уран гулгалтын дэлхий одод Монголд" тоглолтын талаар мэдээлнэ 4 цаг 0 мин 2006 он: Эргэлтийн цэг 4 цаг 6 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 18 мин Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана 4 цаг 20 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсголууд 4 цаг 24 мин Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө 4 цаг 27 мин Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ 4 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 4 цаг 37 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top