АНУ болон Хятадын худалдааны дайн Европын тансаг хэрэглээний брэндүүдэд гүн хямралын дохио өгч байна. Дональд Трампын тогтоосон шинэ тариф, TikTok-оор тарах болсон Хятадын үйлдвэрүүдийн тухай видеонууд нь Chanel, Gucci, Hermes зэрэг нэр хүндтэй брэндүүдийг Хятадад үйлдвэрлэдэг гэх асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачив.
Видеонд өгүүлснээр “made in Italy” шошготой олон төрлийн тансаг цүнх, хувцас, гутлыг үнэн хэрэгтээ Хятадын үйлдвэрүүдэд бөөнөөр нь үйлдвэрлэж, дараа нь бага зэрэг боловсруулалт хийсний дараа Европт бүрэн боловсруулсан мэтээр худалдаалдаг гэх агуулгатай байв. Зарим хэрэглэгч эдгээр барааг "шударга үнээр" шууд үйлдвэрээс худалдан авахыг санал болгож, брендийн үнийн бодлого, үнэлэмжийг эргэлзээнд орууллаа.
Гол мэдээллүүд:
-
TikTok-д тарсан видеонд Hermes, Chanel зэрэг брендийн цүнхийг Хятадад үйлдвэрлэж байгаа тухай ажилчдын яриа гарсан;
-
Брэндүүдийн үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн зам маш нууцлаг учир баримтаар нотлоход хүндрэлтэй;
-
Хятадад үйлдвэрлэгдэж буй эсэх нь бүрэн тодорхойгүй ч тансаг хэрэглээний салбарт “саарал” зах зээл хүчээ авч байгаа нь үнэн;
-
Hermes, Chanel зэрэг брендийн төлөөлөгчид уг асуудлаар ямар нэг тайлбар хийхээс татгалзжээ.
Лондонгийн Урлагийн Их сургуулийн профессор Регина Фрейгийн үзэж буйгаар, эдгээр бүтээгдэхүүн нь бүхэлдээ Хятадад хийгдээгүй байж болох ч зарим хэсэг нь тэнд үйлдвэрлэгддэг. “Хамгийн үнэтэй цүнхийг бүрэн эхээр нь Францад хийсэн гэхээсээ илүүтэй хаа нэгтэй угсраад, сүүлд нь Европт бүрэн боловсруулдаг байж болзошгүй” гэж тэр хэлэв.
Цохилт болсон жишээ:
-
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт Хятадад үйлдвэрлэсэн “Self Portrait” брендийн даашинзтайгаар Хятадын эсрэг тарифаа зарлав;
-
Үүнийг Хятадын дипломат Чан Чишэн “Хятадыг муулах нь бизнес, Хятадаас авах нь амьдрал” хэмээн шүүмжилжээ.
Шинжээчдийн байр суурь: Bernstein-ны шинжээч Лука Солка “Эдгээр мэдээлэл нь үнэн гэдэгт би эргэлзэж байна. Гэхдээ нэр хүндийн эрсдэл аль хэдийн бий болчихлоо” гэв.
Харин Fordham их сургуулийн Хуулийн факультетийн дэргэдэх Загварын эрхийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Сьюзан Скафиди “Хэрэв Америкт үйлдвэрлэсэн хувцас олдохгүй бол хатагтай Левитт дараагийн хурлаа өмссөн хувцасныхаа дотоод шошгыг ил гаргаж хийвэл зохино” хэмээн ёжтой хариулт өгчээ.
Энэхүү дуулиан тансаг хэрэглээний брендийн үнийн бодлого, итгэлцэлд цохилт өгч байгаа бөгөөд хуурамч, саарал зах зээл улам бүр сэргэж байгааг ч илтгэж байна.
Эх сурвалж: OfficeLife, AFP, Getty Images, SCMP, CNN