Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзах үеэр хоёр орны Стратегийн түншлэлийн хүрээн дэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Тэрбээр Элчин сайдад ажлын амжилт хүсэн ерөөж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэх үйл хэрэгт түүчээлэн ажиллана гэдэгт итгэл илэрхийлсэн байна.
Хатагтай Башак Гэнч Юксэл нь Туркийн Гадаад хэргийн яаманд 1997 оноос хойш ажиллаж, Европын Холбооны чиглэлээр мэргэшсэн дипломатч юм. Тэрбээр өмнө нь Пакистан, Европын Холбоо, Словак болон Оросын Холбооны Улсад үүрэг гүйцэтгэж байжээ.
Монгол, Туркийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгаа. Энэ оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын хоорондын харилцааг Иж бүрэн түншлэлээс Стратегийн түншлэлд ахиулсан билээ.
Хоёр улс 1969 оны зургадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоож, улмаар 1996 онд Улаанбаатарт, 1997 онд Анкарад тус тус Элчин сайдын яамаа нээж байжээ.