Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох агентлагуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулж, хөдөлмөрийн чадвар алдалт болон байнгын асаргааны үнэлгээг цахим хэлбэрт шилжүүлэх шинэ тогтолцооны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Шинэ зохицуулалтаар, даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг багасгах, хөдөлмөрийн нөхцөл солих зэрэг бүх үйл ажиллагаа цахим мэдээлэлд тулгуурлан явагдана. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон даатгалын мэдээллийг холбогдох байгууллагууд хоорондоо үнэн зөв, шуурхай солилцох нөхцөлийг бүрдүүлжээ.
Шинэчлэлийн гол өөрчлөлтүүд:
-
Иргэд заавал биечлэн ирэх шаардлагагүй болно
-
Хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадвар алдалтыг аймаг, дүүргийн түвшний зөвлөлөөр цахимаар шийдвэрлэнэ
-
Санамсаргүй түүвэр сонголтын дагуу тухайн иргэний мэдээллийг өөр аймаг, дүүрэг, мэргэжлийн зөвлөлийн эмч хянан, олон улсын жишгийн дагуу үнэлнэ
Уулзалтад оролцсон байгууллагууд:
-
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
-
Эрүүл мэндийн яам
-
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
-
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээллийн технологийн төв
-
Магадлалын төв зөвлөлийн төлөөлөл
Уулзалтын үеэр Олон улсын үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх талаар мөн ярилцаж, зөвхөн өвчний оношоор бус хүний үйл ажиллагааны чадавх, бодит гүйцэтгэлийг үнэлэх олон улсын аргачлалыг Монголд нутагшуулах, холбогдох мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах талаар санал солилцсон байна.
Эх сурвалж: Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам