Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
Хуулийн төслийг боловсруулсан шалтгаан нь одоогийн мөрдөж буй хуульд эрх зүйн зохицуулалтын уялдаа сул байгаагаас шалтгаалан:
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа зогсонги байдалд орох
-
Биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлого хязгаарлагдах
-
Үндэсний баялгийн санг арвижуулахад хүндрэл үүсэх зэрэг эрсдэл үүсээд байгаа юм.
2025 оны 3-р сарын 14-нийг хүртэл спот болон форвард гэрээний дагуу нийт 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжигдаж, 17.07 их наяд төгрөгийн борлуулалт хийгдээд байна. Хэдий тийм боловч арилжааны хүрээ, уян хатан байдал, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуульд тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ.
Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан мега төслүүд болох:
-
Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтын холболтын төмөр зам
-
Нүүрс-хими, кокс химийн цогцолбор
-
Гангийн цогцолборын бүтээн байгуулалт
гэсэн томоохон төслүүдийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх, эрдэс баялгийг нээлттэй, ил тод, үр ашигтай ашиглан үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор уг нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.
Сэтгэгдэл (1)