Хонконгийн эрх баригчдаас илгээсэн аврагчдын баг Мьянмарын Янгон хотод өнгөрсөн шөнө газардсан тухай China Daily мэдээлэв. Уг баг гамшгийн голомтод явуулж буй эрэн хайх, аврах ажиллагаанд нэгдэх бөгөөд нийт 51 хүнтэй, Гал түймэртэй тэмцэх газрын 40 алба хаагч, эмч нар, хоёр эрэлч нохой, техникчид багтсан байна.
Мөн Хонконгоос есөн тонн орчим төрөл бүрийн аврах багаж, тоног төхөөрөмжийг Мьянмар руу илгээжээ. Энэ нь өнгөрсөн баасан гарагт тус улсын төв хэсэгт болсон 8.2 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй холбоотой тусламж юм.
Одоогийн байдлаар Мьянмарт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1600-ыг давсан бөгөөд Тайланд, Хятад, Вьетнам зэрэг хөрш орнуудад ч чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: China Daily