Мьянмарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1644 хүн амиа алдаж, 3400 гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн 139 хүн сураггүй алга болсон тухай тус улсын цэргийн хунтын удирдлага мэдээллээ. Байгалийн гамшгийн улмаас зам, гүүр, барилга байгууламж нурж, дэд бүтцийн томоохон хохирол учирсан байна.
Эрэн хайх, аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа бөгөөд газар хөдлөлтийн голомтоос ердөө 17 км-ийн зайд оршдог, 1.5 сая хүн амтай Мандалай хотод хамгийн их эвдрэл сүйрэл гарчээ.
Мьянмарын цэргийн хунта өмнө нь олон улсын тусламжид нээлттэй хандаж байгаагүй ч энэ удаа олон улсад хандан тусламж хүссэн байна. Үүний дагуу Европын Холбоо, Хятад, ОХУ, АНУ, Өмнөд Солонгос зэрэг улс орнууд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн газар хөдлөлт Тайланд, Вьетнам, Хятад зэрэг хөрш орнуудад ч мэдрэгдсэн байна. Тайландын нийслэл Бангкок хотод өндөр барилга нурж, 9 хүн амь үрэгдэж, 101 хүн сураггүй болоод байгаа талаар мэдээлж байна.
Эх сурвалж: Xinhua, Reuters, The Guardian.