АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгдэхдээ, АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуулж эхлэх тухай ерөнхийлөгчийн тунхаглалд гарын үсэг зурсан байна. Харин дотооддоо үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэлд ямар ч татвар ногдуулахгүй гэлээ.
Тус мэдэгдлийн дагуу шинэ тариф 4 дүгээр сарын 2-ноос хэрэгжиж, 3-ны өдрөөс эхлэн татварыг хурааж эхлэхээр төлөвлөсөн байна. Шинэ татвар нь хилийн чанадад үйлдвэрлэсэн авто машин болон хөнгөн ачааны машинд хамаарах бөгөөд үүний үр дүнд жилд 100 тэрбум ам.долларын нэмэлт орлого төвлөрнө гэж Ерөнхийлөгчийн туслах Уилл Шарф онцолжээ.
Трампын мэдэгдлийн дараа АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид, тэр дундаа “Женерал Моторс”, “Форд Мотор”, “Стеллантис” зэрэг томоохон корпорацийн хувьцаа ойролцоогоор 5 хувиар унасан байна. Үүний зэрэгцээ Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен энэхүү тарифыг шүүмжлэн, Европын Холбоо эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэнэ гэдгээ мэдэгджээ.
Дональд Трампын төлөвлөж буй импортын татварын шинэчлэл “чөлөөлөх өдөр” гэж нэрлэгдсэн 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан орнууд болон бусад худалдааны түншүүдэд харилцан татвар ногдуулах бодлогыг ч мөн хэрэгжүүлэхээр тусгасан. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс татварын бодлогод “уян хатан нөхцөл” байж болохыг илэрхийлж, Сангийн сайд Скотт Бессент мөн улс орнууд урьдчилсан хэлэлцээр хийх боломжтойг дурдсан байна.
Эх сурвалж: CNBC