УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл нь уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаанд үүсч болзошгүй эрсдэлийг шийдвэрлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэжээ.
Өнөөгийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүн спот болон форвард гэрээний үндсэн дээр биржээр дамжин арилжаалагдаж буй. Зөвхөн энэ оны гуравдугаар сарын 14-ний байдлаар 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 17.07 их наяд төгрөгөөр арилжаалсан ч эрх зүйн зохицуулалтын уялдаа хангалтгүйгээс үйл ажиллагаа зогсонги байдалд орох, орлого багасах, улмаар Үндэсний баялгийн санг арвижуулахад саад учрах зэрэг асуудал үүсээд байна.
Хуулийн төслийн гол зорилго нь:
-
Эрх зүйн уялдааг сайжруулах
-
Биржийн арилжааг идэвхжүүлэх
-
Олон улсын стандартын дагуу эрдэс баялгаа борлуулах
-
Мега төслүүдийг дэмжих хөрөнгө оруулалтыг татах
-
Үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах
Түүнчлэн Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хил дамнасан төмөр замын төслүүд, нүүрс-хими, кокс болон гангийн цогцолборуудын бүтээн байгуулалтыг урагшлуулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү нэмэлт, өөрчлөлт чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид тайлбарлалаа.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.