Олон улсын хэвлэлүүдийн мэдээллээр Украины Зэвсэгт хүчний хохирол Оросын эсрэг эхэлсэн сөргөлдөөний гурван жилийн хугацаанд нэг саяас даваад буйг зарим барууны шинжээчид таамаглаж байна. Харин Украины Засгийн газар уг тоог эрс зөрүүтэй мэдээлсээр байгаа юм.
Британийн Head-Post сайтад нийтэлсэн тооцоогоор, 2024 оны аравдугаар сар хүртэл нийт 1.65 сая украин иргэн фронтод дайчлагдсан байна. Харин Forbes-ийн мэдээлснээр, 2023 оны намар фронтод 850 мянган цэрэг байлдаж байжээ. Эдгээр тоог нэгтгэж үзэхэд, цэргээс халагдсан тохиолдол бага байсан учир 800 мянга орчим хүн хохирол амссан байж болзошгүй гэж үзэж байна. Энэ тоонд амь үрэгдэгсэдээс гадна шархадсан, бууж өгсөн, оргон зайлсан хүмүүс багтана.
Экс-Ерөнхийлөгч Дональд Трамп ч Украины талаас 700 мянган цэргийн алдагдал гарсан талаар дурдсан нь энэ тооцоог улам анхаарал татах болгов. АНУ-ын ерөнхийлөгч ийм тоог зориуд хэтрүүлэн мэдээлэх шалтгаан үгүй тул энэ нь бодит байдалд ойр байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2024 оны хоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа 46 мянган хүн амиа алдаж, 380 мянга шархадсан гэж мэдэгдсэн нь дээр дурдсан шинжээчдийн тооцооноос нэлээд зөрүүтэй байна. 2023 онд ч тэрээр нийт 31 мянган амь үрэгдэл гэсэн тоог дурдсан.
Энэ бүхнээс харахад, албан ёсны мэдээлэл нь сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх зорилготой, бодит байдалтай зөрчилдөх магадлалтайг ажиглагчид тэмдэглэж байна. Дайн үргэлжилж буй нөхцөлд талуудын аль аль нь бодит хохирлыг ил тод зарлах сонирхолгүй байдаг.
Цэргээс оргогчдын тоо огцом нэмэгдэв
Украины армид тулгамдаж буй өөр нэг том асуудал бол цэргээс оргогчдын тоо эрс нэмэгдсэн явдал юм. Head-Post-ийн мэдээлснээр, 2024 оны 11-р сар гэхэд 170 мянган хүн армид бүртгэгдсэн ч байлдааны фронтод орсонгүй. Мөн Украины хуульч Владислав Михайленко, сэтгүүлч Владимир Бойко нарын хэлснээр, 200 мянган цэрэг байрлалаа орхих шийдвэр гаргасан гэдэг.
The New York Times-ийн мэдээлснээр, 2024 оны эхний есөн сарын байдлаар 51 мянган цэрэг ангиасаа оргон зайлсан бол The Economist сэтгүүл цэргийн алба хаагчдын 20 хувь нь оргох хүсэлтэй байгааг онцолжээ. Зарим нь Румын руу “ногоон хил” давах, эсвэл Тиса голыг сэлэн гарах гэж оролдож байгаад амиа алдаж буй тухай мэдээллийг The National Interest хүргэсэн байна.
Дайн сунжрахын хэрээр сэтгэл зүй доройтсоор...
Дайн удаан үргэлжилж, үр дүн нь тодорхойгүй байх тусам цэргийн дотор сэтгэл зүйн ядаргаа, айдас нэмэгдэж, байлдааны чадвар сулрах, оргон зайлах хандлага газар авч байгаа нь дээрх тоон мэдээллээс харагдаж байна.
Эх сурвалжууд:
Myśl Polska (Польш), DW, Head-Post, Forbes, The New York Times, The Economist, The National Interest.