Өвөрмөц бүтцээрээ палеонтологичдын анхаарлыг татсан хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл Монголын говиос илэрлээ. Урьдчилсан судалгаагаар энэ нь Цэрдийн галавын үед амьдарч байсан, урт хумстай, хоёр хөлт, өвсөн тэжээлт теризинозаврын шинэ төрөл зүйл болох нь тогтоогджээ. Шинэ олдворт “Duonychus tsogtbaatari” хэмээх нэр өгсөн бөгөөд “Duonychus” нь грекээр “хоёр хуруу”, харин “tsogtbaatari” нь нэрт монгол палеонтологич Хишигжавын Цогтбаатарын нэрээр нэрлэгдсэн байна.
Өмнө нь олдсон бүх теризинозаврууд гурван хуруутай байсан тул энэ хоёр хуруутай шинэ төрөл нь шинжлэх ухаанд огт шинэ хуудас нээж байгаа юм. Урьд мөчний бүтцүүд нь маш сайн хадгалагдаж үлдсэн бөгөөд бугуй, хуруу, ялангуяа хумсны кератин бүрхүүл нь тэр чигтээ хадгалагдан үлдсэн нь дунд болон том хэмжээтэй теропод үлэг гүрвэлүүдийн хувьд анх удаа илэрч буй ховор тохиолдол болжээ.
Хоккайдогийн их сургуулийн палеонтологич Йошицугу Кобаяши онцлохдоо, “Энэ олдвор нь зөвхөн теризинозаврын өвөрмөц байдлыг харуулаад зогсохгүй, тэр үеийн амьтдын мөчний хувьслын явцыг гүнзгий ойлгоход чухал түлхэц өгнө” хэмээжээ.
Эх сурвалж: Live Science.