Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Сүүлийн жилүүдэд манай улсын уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөж, жилийн дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн бол нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ. Малын тоо толгойн өсөлт, хүн амын төвлөрөл, үйлдвэрлэлийн хэрэглээ нь хүлэмжийн хийн ялгарлыг 1990 оноос хойш 82.1 хувиар нэмэгдүүлсэн байна.
Улсын хэмжээнд ялгарч буй хүлэмжийн хийн 51.1 хувийг хөдөө аж ахуй, 44.7 хувийг эрчим хүчний салбар эзэлж байгаа бол үлдсэн хувийг барилга, тээвэр, хог хаягдлын салбар бүрдүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын авч буй арга хэмжээ:
-
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, 2024 оны байдлаар 84 сая мод тарьсан бөгөөд нөхөн сэргээлтийн гүйцэтгэл 42.4 хувьтай байна.
-
“Нэг сум – Нэг нуур” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд Азийн хөгжлийн банктай хамтран уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн бүсүүдэд усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой.
-
Цаг уурын радарын станцын сүлжээ байгуулах төлөвлөгөөтэй бөгөөд энэ нь цаг агаарын гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
-
Ойн сан, хүлэрт намаг бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий 35.1 сая га газрыг тусгай хамгаалалтад авсан.
-
Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавьж, олон улсын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Олон улсын хамтын ажиллагаа:
Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Энэ хурлаар:
-
Монголын байгаль орчны тулгамдсан асуудлуудыг дэлхий нийтэд таниулах
-
Ногоон хөгжил, усны аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх
-
Шийдвэр гаргагчид, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах боломжийг бий болгох ач холбогдолтой гэж Ерөнхий сайд онцоллоо.
“One for All, All for One” буюу “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” уриан дор тус хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ асуудлыг улс төр, хууль тогтоох байгууллагын анхаарлын төвд байлгах шаардлагатай гэж Ерөнхий сайд тэмдэглэв.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар.
Сэтгэгдэл (2)