УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Шведийн Хаант Улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Риксдагийн гишүүн Маркус Виечилтэй энэ сарын 28-нд цахим уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хоёр улсын парламент хоорондын бүлгийн анхны уулзалт амжилттай болж буйд баяр хүргэж, Швед-Монголын бүлэг байгуулагдахад манлайлан оролцсон Маркус Виечилд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол-Шведийн харилцаа ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилж буйг онцлоод, Монголын парламентын бүтэц, 126 гишүүнтэй болсон талаарх мэдээлэл өгч, цаашид парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж байгаагаа дурдсан юм.
Риксдагийн гишүүн Маркус Виечил Шведийн парламент дахь Швед-Монголын бүлэгт суудалтай найман намын зургаагийнх нь төлөөлөл багтсан нь хоёр орны харилцаанд онцгой ач холбогдол өгч буйг илтгэнэ хэмээгээд парламентын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Цахим уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат, Шведийн талаас Риксдагийн гишүүд Маргарета Седерфелдт, Рашид Фарифар, Бёрн Сөдер, Эрик Хелссборн нар оролцсон байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба.