Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо болж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай албан ёсны уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Сайд Л.Гантөмөр хоёр улсын харилцааг ойлгомжтой, тодорхой түвшинд авч үзэхийн зэрэгцээ харилцан бие биенээ дэмжиж ажиллах зарчмыг онцолсон байна. Түүнчлэн гурван гол чиглэлд хамтран ажиллах санал дэвшүүлсэн бөгөөд эдгээр нь:
-
Хил холболтын дэд бүтцийг өргөжүүлэх;
-
Экспортын тогтвортой байдлыг хангах;
-
Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын төслийг эрчимжүүлэх;
Мөн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарыг хамтран хөгжүүлэх, шинжлэх ухааны паркийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг санал болгожээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян эдгээр санаачлагыг бүрэн дэмжиж, хоёр улсын иргэдэд ашиг тустай аливаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрш орны эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийг хамтран хэрэгжүүлэх бэлэн байдлаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ЭЗХЯ.