Төрийн бодлого, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд цогц чадамжтай, ёс зүйтэй, зөв хандлагатай боловсон хүчнийг бэлтгэх нь амин чухал болохыг “Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага” үндэсний зөвлөгөөний үеэр онцлон тэмдэглэлээ. Энэхүү зөвлөгөөнийг МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийнх арван дахь удаагаа боллоо.
Зөвлөгөөний зорилго нь төрийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, NUM Leadership олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэлийг хангах, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм. Тус зөвлөгөөнд төрийн болон академик салбарын 10 гаруй байгууллагын эрдэмтэн судлаач, төрийн албан хаагчид оролцож, нийгмийн хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадвар бүхий хүний нөөцийг хэрхэн бэлтгэх талаар санал бодлоо хуваалцав.
МУИС-ийн профессор, Монгол Улсын гавьяат багш Др. Н.Бурмаа “Төрийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг байгууллагууд онол, практикийг холбож, хамтран ажиллах замаар төрийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулах нь энэхүү зөвлөгөөний зорилго. Гадаад хамтын ажиллагаа хангалттай сайн хөгжсөн ч дотоодын байгууллагууд хоорондын уялдаа сул байгааг онцолж байна” гэж хэлсэн юм.
Мөн тус тэнхимийн эрдэмтэн, багш нар төрийн удирдлагын чиглэлээр нийт 13 нэр төрлийн ном, сурах бичиг, тайлбар толь боловсруулан хэвлүүлсэн байна. Үүнд:
-
“Нийтийн удирдлагын үндэс” (2016)
-
“Хөрөнгө оруулалт” (2017)
-
“Төрийн албан хаагчийн ёс зүй” (2019)
-
“Төр, хувийн хэвшлийн түншлэл” (2020)
-
“Нийтийн салбарын стратегийн удирдлага” (2021)
-
“Менежментийн нэр томъёоны тайлбар толь” (2022)
-
“21 дүгээр зууны боловсролын сургалт” (2021)
-
“Захиргааны шинжлэх ухааны тайлбар толь” (2022, 2024)
-
“Төрийн албаны хүний нөөцийн удирдлага” (2022)
-
“Төрийн албан хаагчийн ширээний ном” I-VII (2017-2023)
-
“Төрийн удирдлага” (2023)
Эдгээр бүтээлүүд төрийн албан хаагчид болон төрийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.
Эх сурвалж: МУИС, Төрийн удирдлагын үндэсний зөвлөгөө.
Сэтгэгдэл (1)